ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Хөтөлбөрийг хангалтгүй хэрэгжүүлж байгаа сумдад хариуцлага тооц гэв

2019-05-22 12:35

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцлээ.

 ИТХ-ын 2017 оны 12-р сарын 12-ны өдрийн 101 тогтоолоор батласан тус хөтөлбөр үндсэн 5 зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа ба сумдыг камержуулах, аймгийн төвийн камержуулалтыг өргөтгөх, цагдаагийн албан хаагчдыг техник хэрэгслээр хангах, авто эргүүлийн парк шинэчлэл хийхэд орон нутгаас тодорхой төсөв зарцуулж байна.

Харин хөтөлбөрийн хэрэгжилт зарим сумдад хангалтгүй байгаа ба орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай уялдаа холбоогоо сайжруулж, ажлаа эрчимжүүлж ажиллахыг Хуульзүйн хэлтэст Тэргүүлэгчдийн зүгээс үүрэг болголоо. Тухайлбал, төлөөлөгч Д.Энхбат “Цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахгүй байгаа төр захиргааны байгууллага, сумдын удирдлагуудад хариуцлагын асуудал ярьмаар байна” гэсэн бол төлөөлөгч О.Сумъяасүрэн “Удирдлага, зохион байгуулалтын хувьд аймгийн хэлтсүүдээс “мөнгө мэддэг” хүмүүс нь ажлын хэсэгт баймаар байна. Сум, байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулж, анхаармаар асуудал олон байна” гэсэн юм.

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж “Ажлын хурд удаан байна. Ажлаа эрчимжүүл. Юм хийхгүй байгаа сумдын дарга нарыг аймгийн Засаг даргад уламжилж, бичиг тоот явуулж, арга хэмжээг авах хэрэгтэй” гэсэн бөгөөд хуралдаанаас гарсан саналыг цаашдын анхаарч ажиллахыг үүрэг болголоо.


2019-05-22 12:35

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд