ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛУУД

2018-01-16 15:29

Өвөрхангай Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчлэн батлуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. 

Зөвлөл 4 удаа хуралдаж “Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх жил” болгон зарлаж, 2017 онд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнд зарцуулах зардлын хэмжээг батлан, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдаж буй ажил, аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон бусад байгууллагуудын болон салбар зөвлөлөөс зохион байгуулсан хяналт шалгалтын ажлуудын мэдээллүүдийг сонсож, холбогдох үүрэг чиглэл, зөвлөмжүүдийг өгч ажиллав.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2017 оны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд орон нутгийн төсвөөс 98.5 сая төгрөгийг шийдвэрлүүлэн батлуулж, үйл ажиллагаандаа зарцуулсан байна. Үүнд:

 “Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан  сэргийлэх” жилийн ажилд 4.0 сая төгрөг

 Сумдын салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааны дэмжлэгт 11.8 сая төгрөг

 Аймгийн Замын цагдаагийн тасагт police reader багаж авахад 4.9 сая төгрөг

 Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих Иргэний зөвлөлийн гишүүдийн урамшуулалд 5.5 сая төгрөг

 Олон нийтийн цагдаагийн урамшуулалд 39.9 сая төгрөг

 Хуулийн байгууллагуудын нэгдсэн аянд 1.5 сая төгрөг

 Хяналт шалгалтын ажилд 2.5 сая төгрөг

 Криминологи судалгаа хийлгэхэд 9.8 сая төгрөг

Хэвлэл мэдээлэл болон бусад сургалт сурталчилгаанд 18.6 сая буюу НИЙТ 98.5 сая төгрөгийг зарцуулсан байна.

Аймгийн ГХУСАЗЗөвлөл 2017 онд зохион байгуулсан гол ажлуудаас дурдвал,

1.  Суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргаар сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн даргаар төрийн захиргааны түшмэлүүд ажилладаг. Сумдын салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг тогтмолжуулах, мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Сумдын салбар зөвлөлийн дарга, ГХУСА хариуцсан түшмэлүүдэд зориулсан нэгдсэн сургалт”-ыг зохион байгуулж, аймгийн ГХУСАЗЗөвлөлөөс 2017 онд дэвшүүлсэн зорилт, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хийж, салбар зөвлөлүүдээс тухайн нутаг дэвсгэрийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судласны үндсэн дээр үйл ажиллагаагаа төлөвлөж, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, төр, төрийн бус байгууллагуудын оролцоог өргөтгөх, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж ажиллах, архидалт, хулгай, хүүхэд оролцсон гэмт хэрэгтэй тэмцэх ажилд эрс өөрчлөлт гаргахад үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахад анхаарах шаардлагатай байгаа талаар харилцан ярилцаж, үүрэг чиглэл өглөө.

2.  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, сумын төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, иргэд олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цаашид хамтран ажиллах хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор бүх сумдад ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН АЯНЫГ тусгай удирдамжийн дагуу зохион байгууллаа.

Тус аяныг аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүдээр ахлуулан аймгийн Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Прокурорын газар, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газар, аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаа.

Тус аяны хүрээн

1.    Аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран Гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй хүүхэд залуучуудын судалгаанд үндэслэн тэдний зан үйлийг өөрчлөх сургалтыг судалгаанд үндэслэн 1 суманд 30 гаруй хүүхдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх талаас нь ганцаарчилсан хууль зүйн зөвлөгөө өгч зөвлөн туслах үйл ажиллагааг явуулав.

2.    ХӨУБ-ын сурагчдыг үе тэнгийн сургагч багшаар бэлтгэх сургалтуудын хүрээнд сумдын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Хувь хүний хөгжил, хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай хуулиар сургалтыг зохион байгуулж, гарын авлага материал тараав.

3    Аймгийн Тагнуулын хэлтэс, Аймгийн Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран Төрийн албан хаагчдад Төрийн болон албаны нууцын тухай хуулийн онцлог, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулав.

          Мөн Ажлын хэсгээс суманд 50-с доошгүй иргэдээс сумын ГХУСАЗСЗөвлөлөөс зохион байгуулж байгаа ажлын талаар болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар хуудсаар санал авсан. Санал асуулгаар төрийн байгууллагад ажилладаг иргэд зөвлөлийн ажлын талаар тодорхой хэмжээгээр мэддэг, оролцдог бол хувийн хэвшил, тэтгэврийн болон ажилгүй иргэдийн хувьд мэдээлэл хангалтгүй, сонссон төдий мэдээлэлтэй, сумын ГХУСАЗСЗ-с зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцож байгаагүй гэсэн дүгнэлт гарсан байна. Иргэдээс гарсан саналын хувьд ГХУСА чиглэлийн сургалтанд олон иргэдийг хамруулах, сумын дэлгүүр болгон согтууруулах ундаа худалддаг тул тоог багасгах, тусгай зөвшөөрлийг олгохгүй байх, дэлгүүрүүдэд тавих хяналтыг сайжруулах, насанд хүрээгүй хүүхдэд архи тамхи худалдаалдаг асуудлыг зогсоох, багш нарын хүүхэдтэй харилцах харилцаа хандлага маш муу тул ёс зүйг дээшлүүлэх, архи худалдаалах өдрийг цөөлөх, оройн 18.00 цагаас хойш худалдаалахгүй байх зэрэг саналууд гарч байв. Эдгээр иргэдээс гарсан саналуудыг сумдын удирдлагууд болон иргэдтэй хийсэн уулзалт дээр танилцуулж, сумын ГХУСАЗСЗөвлөлөөс цаашид анхаарч ажиллах талаар зөвлөмж, чиглэл өгөв.

            Аймгийн Прокурорын газраас сумын ГХУСАЗСЗөвлөлөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллав. Үүнд: Салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, зөвлөлөөс зохион байгуулж буй ажлаа иргэд байгууллагад сурталчлах, гишүүдийн ажил үүргийг зөв оновчтой хуваарилах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, аймгийн ГХУСАЗЗөвлөлийн гишүүдтэй хамтын ажиллагаатай байж заавар, зөвлөмж авч ажиллаж байх талаар зөвлөмж өгч ажиллаа. 

            Мөн ажлын хэсгээс сумын Салбар зөвлөлтэй хамтран “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгийг сум бүрт зохион байгуулав. Хэлэлцүүлэгт ЕБС-ийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл болон багш нарыг оролцуулан аймгийн Ажлын хэсгээс болон сумын ЕБС-ийн удирдлагын зүгээс холбогдох мэдээллүүдийг хийв.

Богд суманд

            Хэлэлцүүлгээс эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж анхаарах, оройн цагаар хүүхдүүд сэлгүүцдэгт анхаарлаа хандуулах, эцэг эх хүүхдийн хоорондын харилцаа хандлыг өөрчлөх, эцэг эх өөрсдөө хүүхдүүддээ буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа зэрэг асуудлуудаар санал гарч, цаашид анхаарал хандуулах талаар зөвлөмжийг ажлын хэсгээс өгөв. 

Ажлын хэсгээс иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулж, аяны хүрээнд тухайн суманд зохион байгуулагдсан ажлууд болон аймгийн ГХУСАЗЗөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны зорилго, зорилт, түүнчлэн иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, санал асуулгын дүнгийн талаар танилцуулж, ажлын хэсэгт явж байгаа байгууллагууд өөр өөрсдийн байгууллагын чиг үүргийн дагуу иргэдэд мэдээлэл, сургалт явуулж, гарын авлага материал тараав. 3. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс аймгийн хэмжээнд архины хамааралтай болон архинд донтох өвчтэй иргэдтэй ажиллах ажиллагааг шинэчлэн зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгууллага, АА-гийн бүлэг, хороодтой хамтран ажиллах үйл ажиллагааг өргөжүүлж, цаашид тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр төрийн байгууллага, албан тушаалтнуудаас бүрдсэн мэргэжлийн багийг байгуулаж ажиллуулж байна. Тус “Мэргэжлийн баг” 2017 оны жилийн төлөвлөгөөгөө аймгийн ГХУСАЗЗөвлөлийн даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаад байна. Мэргэжлийн багаас аймгийн ГХУСАЗЗөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу Архины хорт зуршлыг өсвөр үеийнхэн, сургуулийн сурагчдад сурталчилах зорилгоор Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1,2,4 дүгээр сургууль, Мэргэд сургуулийн нийт 4 сургуулийн эмч клубын 60 сурагчдыг “Өсвөрийн сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй хамтран 2 өдрийн “Гэрчилгээ” олгох сургалтыг зохион байгуулсан. Энэхүү сургалт нь хүүхдэд багаас нь архи согтууруулах ундааны хор уршгийг таниулах, үе тэнгийхэндээ энэ талаар мэдээлэл түгээн, тэдэнд нөлөөлөх чадварыг олгосон үр дүнтэй сургалт боллоо. Мөн саатуулагдсан болон баривчлагдсан иргэдийг нийгэмшүүлэх зорилгоор сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлэн аймгийн Цагдаагийн газарт эрүүлжүүлэгдэж саатуулагдсан иргэдэд хуваарийн дагуу сургалт мэдээллийг хийв.

4.  Сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс орон нутагт нийгмийн дэг журам бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар 2017 онд зохиосон ажлыг дүгнэж, тэдгээрийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор жилийн хугацаатай болзол зарласан бөгөөд тус болзолд Бат-Өлзий сумын ГХУСАЗСЗөвлөл 1-р байр, Сант сумын ГХУСАЗСЗөвлөл 2-р байр, Хархорин сумын ГХУСАЗСЗөвлөл 3-р байрт тус тус шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. 

5.  Зөвлөлөөс 2017 оныг “Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх жил” болгон зарлаж, энэ хүрээнд хүүхэд оролцсон гэмт хэрэг, зөрчлийг бууруулах олон талт арга хэмжээг төр, төрийн бус байгууллага, эцэг эх, багш, сургууль хамт олныг хамруулан зохион байгуулж ажиллаа. Зөвлөлөөс зохион байгуулсан зарим ажлуудаас дурдвал,

-       Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн оролцоо, анхаарлыг хандуулах зорилгоор  Таны хүүхэд яг одоо хаана байна вэ? Хүүхдээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлье. Өвөрхангай аймгийн ГХУСАЗЗөвлөл” сэрэмжлүүлэг мессежийг аймгийн Mobicom-н 13925, Unitel-н 21000 хэрэглэгчдэд хүргэлээ.

-       Зөвлөлөөс “Арвайхээр чөлөөт суваг” телевизтэй хамтран “Хүүхэд ба эрсдэл” цуврал нэвтрүүлгээр “Би хотын соёлтой иргэн” /Замын хөдөлгөөний дүрмээр/, “Сургуульд хүрэх замд” “Үе тэнгийнхний дарамт”, “Муусайн PC-чид”, “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Ахуйн осол” гэсэн 6 цувралуудыг бэлтгэн нэвтрүүллээ.


-       Зөвлөлийн даргын баталсан удирдамжаар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газруудын үйл ажиллагаанд хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг шалгаж үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилгоор Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Хужирт суманд үйл ажиллагаа явуулж байгаа 10 цахим тоглоомын газарт хяналт шалгалт явуулав. Шалгалтад хамрагдсан цахим тоглоомын газруудаас Арвайхээр сумын 5-р баг Төв бараан захын “Хайрхан” дэлгүүрт үйл ажиллагаа явуулж буй PS SPORT цахим тоглоомын газраас бусад уахим тоглоомын газрууд Харилцаа холбооны зохицуулах хорооны бүртгэлийн гэрчилгээгүй үйл ажиллагаа явуулж байсныг ажлын хэсгээс бүртгэлийн гэрчилгээ авах, холбогдох журам дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах талаар заавар зөвлөгөө өглөө. Түүнчлэн Арвайхээр сумын Засаг даргад энэхүү зөрчлийг таслан зогсоож, цахим тоглоомын газруудыг хууль дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулуулах талаар хугацаатай албан бичиг хүргүүллээ.


-Мэдээлэл холбоо үсрэнгүй хөгжиж телевиз, интернэт, ухаалаг утасны хэрэглээ асар хурдацтай өсч үүнтэй зэрэгцэн дэлгэцийн донтолт хэмээх сэтгэц зан үйлийн эмгэг бий ихэсч байгаатай холбогдуулан аймгийн ГХУСАЗЗөвлөлөөс сумдын салбар зөвлөлүүдэд “Дэлгэцийн донтолтоос үр хүүхдээ хамгаалъя” сэдэвт сургалтын материалыг хүргүүлэн, сургууль, цэцэрлэгийн эцэг эхийн хурал дээр мэдээлэл хийжээ.



2018-01-16 15:29

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд