ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Я.Содбаатар гишүүн тойрогтоо “Эрүүл энхийн аян"-ыг зохион байгуулж байна

2019-09-23 22:52

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар тойрогтоо ажиллаж, “Эрүүл энхийн аян-2019” багуудын нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулж байна. Түүний тойрогт Өвөрхангай аймгийн хангайн таван сум багтдаг бөгөөд 30 гаруй багтайгаас 23 нь хөдөөний баг юм.

Тэрээр иргэдэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултанд нь хариуллаа. Мөн улсын клиникийн 1 дүгээр эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгч байв.

 Я.Содбаатар гишүүн хэлэхдээ “2016 онд амласан амлалтынхаа 90-ээд хувийг биелүүлээд байна. Хархорин суманд гэхэд 320 хүүхдийн сургууль, 100 хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвийг шинээр барьж, зам гүүрийг шинэчилсэн. Бат-Өлзий суманд Орхон голын Онгоцтойн-Амны гүүр, Цагаан голын гүүрийг шинээр барьж байна. Сумын сургууль, ЗДТГ-ын барилгад их засвар хийлээ” гээд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьлаа.

Иргэдийн зүгээс Орхон голын сав газар олборлолт явуулж буй уурхайнуудын үйл ажиллагааг зогсоон Орхон голын “амь”-ийг аварч байгаа явдалд талархан баярлаж байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн нутаг дэвсгэрээ тусгай хамгаалалтаас чөлөөлж, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэх,  багийн төвийг нэмэх, багийн төвийн эмч нарыг унаажуулах гэхчлэн олон асуудлаар санал солилцсон юм.

Дашрамд дурдахад Бат-Өлзий суманд намрын шаргал өдрүүд налайж, цаг агаар дулаан тогтуун байлаа. Сумын хэмжээнд энэ жил 1200 малчин өрхийн 345 мянган толгой мал өвөлжих юм. Сумаас 5000 тонн өвс хадлан нөөцлөөд байгаа бол малчдын 80 хувь нь өвлийн бэлтгэлээ бүрэн хангаад байгаа аж.



2019-09-23 22:52

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд