ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Осорхүүгийн БАТЖАРГАЛ /хөрөг/

2019-04-08 14:39
 Билүү гэж чулуу байдаг даа. Нэг тийм зөөлөн, хутга ирлэдэг.. Өөрийгөө элээж өрөөлийг хурцалдаг чулуу.

Осорхүүгийн Батжаргал бол билүү чулуу. Бусдыг хурцалж, урам дэм өгч, өөрийгөө мартан өрөөлийг бодож ажиллаж, амьдарч ирсэн. Мөн чанар нь бол гүдэсхэн, илүү дутуу зүйлгүй эр чулуу. Эрийн цээнд хүрч нас бие гүйцэн цэргийн албанд мордож их замынхаа эхлэлийг ардын армиас эхлүүлсэн чанга эр.1987 онд ЦНДС-д элсэн суралцаж курсын орлогч, жагсаалын дарга, сонсогчдын зөвлөлийн дарга гээд сонсогчийн карьерыг бол дуусгасан гэж байгаа. 1989 онд намын орлогч гишүүнээр элсэж, босгоо даваад 1990 оноос өнөөдрийг хүртэл нам улс төрийн тогоонд 26 жил чанагдаж, болц нь гүйцжээ.

Дамбын Осорхүүгийнх хэмээх 9 хүүхэдтэй, цэмцгэр нямбайгаараа ойр холд яригдсан айлыг нутгийнхан андахгүй. Одоогийн 8-р багийн урд талд барилга, орон сууц сүндэрлэн боссон газар намын хорооны нийтийн хашаа гэж олон айл айлсан аж төрдөг хашаанд Батжаргал даргын бага нас өнгөрсөн. Дээрээ 6 эгч, ахтай, доороо 2 дүүтэй өнөр бүлийн гишүүн тэрээр олон хүүхэдтэй айлын дэг журамтай хүмүүжлээр хүмүүжиж, асгасан бол арч, унагаасан бол ав, завааруулсан бол цэвэрлэ гэсэн бичигдээгүй хуулин дор хүн болжээ. Айлсаж амьдарч байсан хүмүүсийн ам дамжуулан ярьдагаар Осорхүүгийнх гэдэг айлд ороход зууханд нь нүүр харагддаг байсан гэх. Тийм л ажилсаг, цэвэрхэн, дэг журамтай айлд өсөж торнисон болохоор одоо ч биеэ авч явах байдал, ямарваа зүйлд хандах хандлага нь цаанаа л нэг “анги байдаг”..

Осорхүүгийн Батжаргалынх гэдэг айл төрд данс нэмээд 27 жил утаа гаргажээ. Амарсайханы Эрдэнэтунгалаг хэмээх эмч бүсгүйг гэргийгээ болгож 27 жил халамж хайранд нь бөмбөрч яваагаа “би азтай хүн” гэж омгорхдог. Аав гэдэг сайхан алдраар дуудуулах хувь хишгийг бурхан түүнд хүү, охин хоёроор дамжуулан өгсөн. Хүүхдүүд эдүгээ гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрчээ.

Батжаргал дарга “– би хөдөлмөрийн даргаар ажиллаж байхдаа..” гэж ярих дуртай. 2001 оноос 2009 он хүртэл “Хөдөлмөрийн хэлтэс”, “Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс”-ийн даргаар 8 жил ажиллахдаа хийсэн бүтээсэн нь түүнийг энэ салбарын хүн болсныг илтгэнэ. Нийгмийн Даатгал, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Төв, Технологийн сургуулийн дэргэд Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв, Хархорин суманд Хөдөлмөр сургалтын төвийг байгуулах ажлыг гардаж байсан нь тухайн үедээ томоохон бодлогын чанартай хөрөнгө оруулалт, эдүгээ олон хүнийг ажил амьдралтай залгуулж буй томоохон түшиц газрууд болжээ.

Батжаргал гэдэг хувь хүний дотоод мөн чанар руу өнгийвөл нэг тийм бүлээн, зөөлөн мэдрэмж төрнө. Гэр бүл, үр хүүхэд, ахан дүүсдээ хайртай, байгалийн сайханд нүд алдан сэтгэл баясгаж таашаал авах дуртай, найз нөхөд түшсэн хүмүүстээ ээл өгөөжтөй, өр зөөлөн, за гэвэл ёогүй байх монгол зантай, залбирч бясалгаж сэтгэлээ тэгшлэх нууц жортой, орчин үеийн амьдрах хэв маягийг ахуй байдалдаа уусгасан, жирийн сэхээтэн.

Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэхдээ Осорхүүгийн Батжаргал гэдэг нэрийг газарт унагаж, шавхайтай хутгасан нь үгүй. Өөрөө хошигнон хэлэхдээ: Намайг ард түмэн “хамар” Батжаргал л гэдэг. Батжаргал гэхээр хүмүүс “хамар” уу? л гэхээс биш, аан нөгөө албан тушаалаа урвуулан ашигладаг нөхөр, эсвэл авилгал авдаг нөхөр үү гэхийг та нар сонсоогүй биз дээ гэнэ. “Хамар” гэхээр та эмзэглэдэг үү гэхэд – аав ээжээс заяасан энэ сайхан юмыг чинь яахав. Хүүхнүүд энэнээс жижигхэн хамрыг хичнээн саяар авч байгаа юм чинь минийх шигийг хийлгэвэл нөхрүүд нь дампуурах байх гэнэ.

Ийм л гэгээн, цагаан, наргиа хөгжилтэй эр, Батжаргал дарга.
1997 онд Өвөрхангай аймагт залуучуудын хөгжлийг дэмжих, тэдний эрх ашгийг хамгаалах ардчилсан социалист үзэл баримтлалыг дэлгэрүүлэх зорилго бүхий АСЗХолбоог санаачлан байгуулж, хэсэг залуусыг нэгтгэн анхны даргаар нь сонгогдож, намын дэргэдэх Залуучуудын ТББ-ыг 10 жил нэр төртөй удирдсаныг Өвөрхангай аймгийн Залуучуудын байгууллагын түүхийн хуудас гэрчилнэ. Холбоогоо байгуулаад нэг жилийн дотор 1300-н гишүүнтэй болгож, хүрээгээ тэлж байсан нь нийгмийн захиалгыг соргог мэдэрч, зохион байгуулж чадсантай нь шууд холбоотой. Ажил хийвэл хийсэн шиг, даацтайхан чанар, энэ хүний нэг өнцөг. Тухайн үед МАН-ын дэргэдэх Залуучуудын байгууллага ид хүчээ авч, монгол орон даяар хаа сайгүй гишүүнчлэлтэй болж эгнээгээ зуу зуугаар нь өргөтгөж хамгийн олон гишүүнтэй, хамгийн нөлөөтөй ТББ болон төлөвшиж байхад Өвөрхангайн Осорхүүгийн Батжаргалыг Монгол улсын өнцөг булан бүрт таньдаг болсон байв. Улсын нийслэл Улаанбаатарт, аймгуудад цугларалт, арга хэмжээ болоход Батжаргал дарга хаана байна гэсээр газар газрын залуучуудын дарга нар эрж суран, тойрч бүчдэг. Болох болохгүйгээ асуун туршлага судалдаг,

Батжаргал даргаа одоо яах вэ хэмээн шийдэл эрэн, гарц асуудаг байсан нь түүний хэр зангарагтай байсныг илтгэнэ. Ийм л хэмжээнд тэр Залуучуудын байгууллагын түүхэнд тодоор бичигдэх мөртөй бөгөөд тэр үед зорьсон зорилго, зүтгэсэн зүтгэлийн дүн өнөөдөр гарч байна гэж тэрээр үздэг. Учир нь Залуучуудын байгууллагыг удирдан зохион байгуулж явахдаа хамтран зүтгэж, манлайлж байсан залуучуудын түрүүч нь 40 гарч, ямарч ачаа даах тэнхээтэй эрчүүд болж, аймаг орноо удирдан залж яваа бол тэдгээрийн дараа үеийнхэн ид жагсаж, эрч хүч нь тогтож, ямарч түвшинд ажиллах намын тэргүүн эгнээний боловсон хүчнүүд болон бэлтгэгдсэн байна.

Энэ жилийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн 80% нь Батжаргал даргын хамтран зүтгэж, манлайлж явсан залуус, түүний цэргүүд байгаа нь энэ хүний сэтгэл, зүтгэлийн тод томруун үр дүн юм. Алсын хараа гэж энэ буюу.
Арвайхээрийн талдаа сэтгэлээ уужлан, урт амьсгал авч тайтгардаг, Онгийн голын хөвөөндөө хөл жийн тухалж хүүгийн ёсоор сүсэлдэг монгол ёс жудагаа дээдлэн, удам судрынхаа нэрийг өндөрт авч яваа энэ эгэл хүн Арвайхээрийн хөрсөн дээр соёолж, дэлгэрч, болц нь гүйцсэн нэгэн “арвайн түрүү” билээ. Унасан газрынхаа хөрсөн дээр хөгжил цэцэглэлтийг түүчээлэх, санаж зорьсноо төр түмнийхээ төлөө гүйцэтгэх оюуны бяд, сэтгэлийн хүч, ажил амьдралын арвин их туршлага түүнд бий. Түмэн олон нь төрсөн хүүгээ хурайлан дэмжих буйзаа. Дөрөөнд нь сүү дусаан ерөөл өргөе..

2019-04-08 14:39

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд