ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

“Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлын нээлт боллоо

2017-01-27 11:40

Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний хуримтлуулсан мэдлэг, туршлага, ур чадварыг хойч үеийнхэнд өвлүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг “Ахмадаа дээдлэх жил” болгон зарласан. Зорилтот жилийн ажлын нээлтийн арга хэмжээг 2017.01.26-ны өдөр зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд Өвөрхангай аймгаас төрөн гарсан гавьяат цолтнууд, Монгол улсын шинэ Үндсэн хууль батлалцсан депутатууд болон “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө өдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр нар оролцсон бөгөөд нийт 600 гаруй ахмад хүрэлцэн ирлээ. 



















Тус арга хэмжээний үеэр ахмад дайчин, хувьгсал тэмцлийн ахмад зүтгэлтэн, Өвөрхангай аймгийн Хүндэт иргэн М.Цэдэндоржид орон нутгаас нэг өрөө байр олгож, батламжийг нь гардууллаа. М.Цэдэндорж гуай эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататгаж хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж, орон нутгийн төр, захиргааны байгууллагад 40 гаруй жил хөдөлмөрлөж, улс, эх орон, аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад зүтгэлтэн юм.

Түүнчлэн аймгийн Засаг даргын 2016 оны 568 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй зорилтот жилийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хороог байгуулсан. Мөн аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дүгээр захирамжаар “Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлын хугацаанд хийж хэргжүүлэх 2 зорилт, 27 арга хэмжээг төлөвлөн баталсан юм. Зорилтот жилийн ажлын нээлтийн арга хэмжээний үеэр “Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ахмадууддаа танилцууллаа. Тус ажлын төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хамтын ажиллагаа чухал гэдгийг зорилтот жилийн ажлыг зохион байгуулах Ажлын хорооны гишүүд хэлж байв.

 “Ахмадаа дээдлэх жил”-ийн ажилд аймгийн хэмжээний сум, баг, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор зорилтот жилийн ажлыг зохион байгуулах Ажлын хорооноос “Хүндэтгэл бахархлын аян”-ыг жилийн турш зохион байгуулж, аяны туг, дэвтрийг хуваарийн дагуу аялуулна. Аяны туг, дэвтэр хүлээн авсан баг, байгууллага, аж ахуйн нэгжүүд зорилтот жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас хийж хэрэгжүүлэх, ахмад үеийнхээ уламжлалт зан үйл, мэдлэг туршлагыг залуу хойч үедээ уламжлан өвлүүлэх, ахмадаас гаргасан үнэтэй санал, санаачилгыг хүлээн авч шийдвэрлэх, зохих хууль тогтоомжийн дагуу өөрийн харьяаллын ахмадуудад зориулсан “Ахмадын сан” байгуулах, ахмадуудын дунд уулзалт, өдөрлөг, спорт, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах, амьдрал ахуй нэн хүнд 1-2 ахмад настанд дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг байгууллагынхаа түвшинд зохион байгуулж ажиллах юм. Зорилтот жилийн ажлын нээлтийн арга хэмжээний үеэр сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Ахмадын хорооны дарга нарт аймгийн удирдлагууд тус аяны туг дэвтрийг гардуулан өгөв.

 

Аймгийн Ахмадын хорооноос нийт ард иргэд, ахмадууддаа хандаж уриалга гаргасан байна. Тус уриалгадаа Өвөрхангай аймгийн төр захиргааны байгууллага 2017 оныг Ахмадаа дээдлэх жил болгон зарласанд иргэд, ахмадууд бид туйлын баяртай байна. Энэ бол бидэнд өгсөн итгэл, сэтгэл, урам зориг юм хэмээн дурджээ.



2017-01-27 11:40

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд