ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

3 дахь удаагийн бүрэн эрх /2000-2004 он/

2016-11-21 16:47

   Монгол улсад нутгийн өөрөө удирдах ёс хөгжих эрх зүйн үндэс бүрэлдэн тогтож, улсын хэмжээнд орон нутаг бие даан хөгжих өөрөө өөрийгөө удирдах нутаг дэвсгэрийн тулгамдсан асуудлыг бие даан шийдвэрлэх гэсэн сонирхол бий болж, нутгийн өөрийн удирдлагын тогтолцоо бүрэлдэн төлөвшлөө.

         Нутгийн удирдлагын байгууллагын ажиллах эрх зүйн орчин байнга боловсронгуй болж, суурь болон салбарын хуулиудаар нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудын эрх хэмжээг хуульчилж, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудын хөгжлийн төлөвших үе шат дуусч цаашид үйл ажиллагаагаа боловсронгуй болгох илүү тодорхой түвшинд ажиллах хөгжлийн шинэ үе шат эхэлж байна.

        Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын гурав дахь удаагийн сонгуулиар 2000 оны 10 дугаар сарын 02-нд аймгийн ИТХ нь 35 төлөөлөгчтэй байгуулагдсан бөгөөд 25 нь анх удаагаа сонгогдсон байна. Энэ удаагийн хуралд 5 буюу 14.3 хувь нь эмэгтэй төлөөлөгч сонгогдсон байв.

      Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс 30 нь МАХН, 5 нь Ардчилсан намын гишүүн бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр 9 хүн сонгогджээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Дуламдоржийн Тогтохсүрэн, нарийн бичгийн даргаар Цоодолын Баатар, Тэргүүлэгчдээр А.Баяртогтох, Ч.Бат-Эрдэнэ, Б.Мөнхжаргал, Т.Түдэвренчин, Р.Дуламсүрэн, Н.Мягмар, Б.Баярсайхан нар сонгогдон ажиллаж байлаа.

      Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид нь Хууль эрх зүй, зохион байгуулалтын, Нийгмийн бодлогын, Төсөв санхүү, эдийн засаг, байгаль орчны бодлогын чиглэлээр 3 ажлын хороонд хуваагдан хуралдааны бэлтгэл хангуулах, хэлэлцэх асуудлыг судлан нэгдсэн санал дүгнэлт боловсруулж хуралдаанд оруулах зэргээр ажиллаж байжээ.

        Энэ үед хурал орон нутгийн өмчийн эзний хувьд Орон нутгийн өмчийг захиран зарцуулах журам шинээр батлан мөрдүүлсэн. Нийтийн аж ахуйн салбарын хувьчлал хийгдсэн онцлогтой, хурлын шийдвэрээр уурын зуухны төвлөрсөн халаалтыг "Өв-Илч" ХХК-д менежментийн хувьчлалаар өгч, аймгийн хэмжээнд төсөвт газруудад бага оврын зуух тавьсан. "Онги-Ус суваг" компани нь аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн орон нутгийн өмчит анхны байгууллагуудын нэг болсон.

      Энэ бүрэн эрхийн хугацаанд сумдын ИТХ-ын ажлын алба нь дарга, ажилтан гэсэн хоёр орон тооны хүн ажиллаж, зарим сумдыг ажлын унаатай болгов. Аймгийн ИТХ-ын ажлын алба, Тэргүүлэгчдээс сумдын ИТХ-ын ажилдмэргэжил, арга зүйн туслалиаа дэмжлэг үзүүлэхэд голлон анхаарч аймгийн ИТХ-ын Нэрэмжит үзлэгийг явуулж, тулгамдсан асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэж байлаа.

      Сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгчдөд Нутгийн өөрөө удирдах ёсны талаар онол, практикийн сургалтуулыг үе шаттай зохион байгуулж ирсэн.

       Аймгийн Газар зохион байгуулалтын алба шинээр байгуулагдан аймгийн газар зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөөг аймгийн   ИТХ-ын ээлжит хуралдаанаар анх батлан гаргаж, төлөвлөгөөний дагуу хот суурингийн хөгжлийн төлөвлөгөөг явуулж байна.


2016-11-21 16:47

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд