ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Аймгийн Засаг дарга Г.Ганболд: Ажилгүйдлээс үүдсэн ядуурал, ядуурлаас үүдсэн архидалт, архидалтаас үүдсэн гэмт хэрэг гээд нийгмийн сөрөг үзэгдлүүдийн эхлэл ажилгүйдлээс үүсч байна

2019-04-08 15:31

Аймгийн Засаг дарга бүрэн эрхийн хугацааны эхний 2 жилдээ аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө багагүй ажлыг хийж бүтээсэн болохыг иргэд та бүхэн мэдэж байгаа. Эдгээр ажлуудын үр өгөөж, цаашдаа хөгжил, дэвшлийн ажлаа хэрхэн үргэлжлүүлэх талаар Засаг дарга Г.Ганболдтой уулзаж, ярилцсан юм.     

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөр өнгөрөгч 2 жилийн хугацаанд хэр амжилттай хэрэгжив? Төлөвлөсөн хэмжээндээ биелж байна уу?    

“Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтууд төлөвлөсөн хэмжээндээ амжилттай хэрэгжиж байна. Саяхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний хоёр жилийн хэрэгжилтийг хэлэлцэж нийт дэвшүүлсэн 4 бүлэг, 73 зорилт, 306 арга хэмжээнд тус бүрээр нь үнэлэлт, дүгнэлт өгсөн. Хуралдаанаар “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрийн хоёр жилийн хугацааны хэрэгжилтийг нийт дүнгээр 72.9 хувь, 2018 оны хэрэгжилтийг 95.2 хувь буюу хангалттай хэрэгжиж байна гэж дүгнэлээ. Хөрөнгө оруулалтын бодлогыг оновчтой, зөв тодорхойлж,  улс, орон нутаг, олон улсын төсөл хөтөлбөрүүдээр орон нутагт хөрөнгө оруулалт сайн хийгдэж байгааг, нөгөө талдаа аймгийн эдийн засгийн гол эх үүсвэр болсон мал аж ахуйн салбар руу чиглэсэн үйлдвэрлэлүүдийг түлхүү хөгжүүлж, ажлын байр олноор нэмэгдүүлж байгааг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сайшаасан. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа нь ард иргэд, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, бид бүхний хамтын хүчин чармайлт юм. Ирэх 2019, 2020 онуудад үлдэж буй зорилтуудаа хэрэгжүүлэх бүрэн боломж байна гэж үзэж байгаа.

Орон нутгийн хөгжил, иргэдийн амьдрал ахуйд бодитой хувь нэмэр оруулж, ахиц дэвшил гаргасан томоохон ажлуудаасаа ярихгүй юу? Ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийнхээ орлогыг өсгөхөд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?    

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа иргэд, олон түмний санаа бодлыг сонссон. Аймгийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал юу байна вэ? гэдгийг тодорхойлсон. Иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал ажилгүйдэл байна. Ажилгүйдлээс үүдсэн ядуурал, ядуурлаас үүдсэн архидалт, архидалтаас үүдсэн гэмт хэрэг гээд нийгмийн сөрөг үзэгдлүүдийн эхлэл ажилгүйдлээс үүсэж байна. Их, дээд сургууль төгссөн ажилгүй иргэд аймгийн хэмжээнд хамгийн их байна. Айл, өрх бүр хүүхдүүдээ боловсролтой болгохыг зорьж, зээл авч, малаа зарж хүүхдүүдээ их, дээд сургуульд сургаж байна. Төгсөж ирсэн хүүхдүүдэд нь ажлын байр олдохгүй байна. Тиймээс бид ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулж ажиллалаа.

Нэгдүгээрт: Орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудын үр дүнд ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого барьж байна.

Хоёрдугаарт: Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, иргэдээ тогтмол ажлын байртай болох боломжуудыг нээсний үр дүнд сүүлийн 2 жилийн хугацаанд манай аймагт 5990 ажлын байр шинээр нэмэгдлээ. Бид энэ тоог улам өсгөхийн төлөө чармайн ажиллаж байна. Энэ жил аймагт 928 хүүхдийн сургууль ашиглалтад орно үүнийг дагаад 100 гаруй иргэн ажлын байраар хангагдана. Түүний 80 хувь нь дээд боловсролтой залуучууд ажилтай болно. Хүүхдийн цэцэрлэг, Хүүхдийн ордон, Спорт заалууд бусад сумдад шинээр цэцэрлэг, сургууль баригдаж байна. Эдгээр хөрөнгө оруулалтын ажлууд ашиглалтад ороход их, дээд сургууль төгссөн залуучууд маань шинэ ажлын байраар хангагдах боломж нээгдэж байгаа.  

Манай аймаг сүүлийн жилүүдэд гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлж байгаа. Гадаад хамтын ажиллагааны үр дүнд аймагт үр өгөөжөө өгч байгаа ямар ажлууд байна вэ?

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад харилцааг эдийн засагжуулах томоохон зорилт тавьсан. Гадаад харилцаа гэдэг бол харилцан улс оронд ирж, очих зүйл биш юм. Үүнийг эдийн засагжуулах нь зүйтэй. Энэ хүрээнд Хятадын томоохон мужуудтай хамтын ажиллагаа тогтоосон. Түүний үр дүн нь эхнээсээ махны үйлдвэрүүдээс харагдаж байна. Японы хотуудтай харилцаа тогтоож, хүүхдүүдийг сургах, газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр тодорхой үр дүнгүүд гарлаа. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзнээ хошууны Цэхээ боомтод Өвөрхангай аймагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг түрээсгүй худалдаалах боломжуудыг нээлээ. Францын Аллиер мужтай хамтарч боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтнүүдийг сургаж байна. Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Билл Гейтсийн сангаас 1.0 сая долларын төсөл хэрэгжүүлэх анхны аймаг боллоо. Энэ хүрээнд гэр хорооллын айл, өрхүүдийн жорлонг боловсон болгох төсөл эхнээсээ хэрэгжээд явж байна. Цаашдаа гадаад харилцааг орон нутаг, ард иргэдэд үр ашигтайгаар эдийн засагжуулахад ахиц дэвшил гаргахаар зорин ажиллаж байна даа.

Аймагт мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг байгуулсан. Эдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хэр амжилттай явж байна вэ? Орон нутгаас хэрхэн дэмжиж ажиллаж байна. Цаашид шинээр байгуулагдах үйлдвэрүүд байгаа юу?   

Үйлдвэрүүд баригдаж байгаа. Мэдээж хэрэг том үйлдвэрүүдээ эхэлж барих нь зөв юм. Ноосны үйлдвэр баригдсанаар 1 килограмм нь 500 төгрөг байсан ноос өнөөдөр 4000 төгрөг хүрсэн. Нэг килограмм нь 2800 төгрөг байсан махны үнэ  “Махны үйлдвэр”-тэй болсноор өнөөдөр 4500 төгрөг болж өссөн байна. Ноосны үйлдвэрийг түшиглээд жижиг үйлдвэрүүд баригдаж байна. Махны үйлдвэрийг түшиглээд дайвар бүтээгдэхүүний үйлдвэр ашиглалтад орлоо. Тун удахгүй дулаан аргаар мах боловсруулж, гадаад зах зээлд гаргах үйлдвэр ашиглалтад орно. Үнэгүйдээд байгаа арьс, ширний үнийг өсгөхөд анхаарлаа хандуулж, ирэх жилээс арьс, ширний үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Том үйлдвэрүүдээ түшиглэсэн кластер хэлбэрийн жижиг үйлдвэрүүдийг байгуулж, хөгжүүлэхэд ирэх онд түлхүү анхаарлаа хандуулна. Энэ чиглэлийн бизнес эрхлэх сонирхолтой, бэлэн төсөлтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, хамтарч ажиллана.

 Малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх, тэдний залуу халааг бэлтгэхэд аймгаас ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

Аймгийн эдийн засгийн гол суурь болсон мал аж ахуйн салбар Өвөрхангайнхны хувьд амин чухал. Тийм учраас мал аж ахуйн зуншлага, өвөлжилт, хаваржилт, отор нүүдэл, хадлан тэжээл дээр аймаг хамгийн их анхаарлаа хандуулдаг. Халуунд халж, хүйтэнд хөрч, жилийн дөрвөн улиралд зогсолтгүй хөдөлмөрлөдөг малчдадаа мал, махаа харьцангуй боломжийн үнээр, явдал чирэгдэлгүй аймагтаа борлуулах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Мөн мал эмнэлгийн газрыг байгуулж, цаашид сум бүрийг тасагтай болгохоор ажлууд хийгдээд явж байна. Залуу малчдын тоо ховордсон. Тиймээс залуучуудыг малжуулах төсөлд хамруулж, малчдын залуу халааг бэлтгэхэд анхаарч байна.

2018 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарлаж ажиллалаа. Зорилтот жилийн үр дүнд хүүхэд, багачууд руу чиглэсэн ямар томоохон ажлууд хийгдэв?

Ирээдүй хойч болсон хүүхэд, багачууд руугаа эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчид, төр, захиргааны байгууллагууд, хувийн хэвшлийнхэн нэгэн зэрэг анхаарч, анзаарч ажиллалаа. Аймгийн 2018 оны нийт хөрөнгө оруулалтын 80 хувийг хүүхэд, багачууд руу чиглэсэн ажил, арга хэмжээнд зарцууллаа. “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” хүрээнд гурван гол асуудалд анхаарлаа хандуулав.

Нэгдүгээрт: Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарсан. Аймгийн хэмжээнд 0-18 насны 40700 хүүхэд байдаг. Тэдний 95 хувийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж, хүүхдүүдэд эрүүл мэнд ямар чухал байдгийг, өсвөр насныханд жирэмслэлт, БЗДХ-ын талаар нь том ойлголт өгсөн. Хүүхдүүд мэдэхгүйгээсээ болж алдаж байгаа зүйл их байна. Сонсголын болон харааны гажигтай хүүхдүүд асар их байна. Үүнийг тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж, үзлэгт хамруулж, эцэг, эхчүүдэд нь ойлгууллаа. Цаашдаа эмчилж эрүүлжүүлэхэд ахиц дэвшил гарсан.

Хоёрдугаарт: Хүүхдүүдэд сурч боловсрох, хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх Хүүхдийн ордон, Хүүхдийн номын сан байгуулж, сургууль, цэцэрлэг, заал, танхимын тоог нэмэгдүүлэхэд төрөөс онцгой анхаарлаа.

Гуравдугаарт: Хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх, урлаг спортын наадмуудыг зохион байгуулсан. Эцэг, эх, хүүхдүүдийн хоорондын холбоо сайжирсан. Хүн бүрийн хичээл зүтгэл орсон олон талын ач холбогдолтой жил болсон гэж дүгнэж байгаа.

Ирэх 2019 онд Өвөрхангай  аймагт хэр их хэмжээний хөрөнгө оруулалтын ажил хийгдэх вэ?  Хөрөнгө оруулалтыг аль салбарт түлхүү зарцуулах уу?

Ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр 45.0 тэрбум, орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 10 гаруй тэрбум, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалтууд хийгдэхээр төлөвлөгдөж байна. Манай аймаг ард, иргэд, орон нутгийнхаа өмнө хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлыг иргэдийн оролцоотой тодорхойлж, тухайн салбар руу хөрөнгө мөнгө зарцуулж, хүн хүч дайчилж, бодитой үр дүн гаргахыг зорьж ажилладаг. Энэ жил иргэдээс амьдрах орчин нөхцөлөө сайжруулах, зам талбайг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг олноор бий болгох саналууд давамгайлж ирсэнтэй уялдууж, иргэдийн эрүүл, аюулгүй, тохилог орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас  2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгох саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, дэмжигдлээ. Энэ чиглэлээр зорилтот жилийн ажлыг удирдан зохион байгуулах аймгийн хороог байгуулан, хийх ажлуудаа төлөвлөж, шинэ оны гараагаа эхлүүлэхээр ажиллаж байна.

Та хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү, тэрдундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн ажлуудыг санаачилж, бодит ажил хэрэг болгодог юм шиг санагддаг?

Дэлхийн аль ч улс, орны төр засгийн зайлшгүй анхаарлаа хандуулж, дэмжиж ажиллах ёстой бүлэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Гэр бүлд хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэд байхад тухайн хүүхдийг асарч байгаа гэр бүлийн гишүүн хөдөлмөр эрхлэх боломжгүй болдог. Тэр утгаараа амьдрал ахуй нь дэвжихгүй, сэтгэл санааны маш хүнд дарамтад байдгийг мэдэрдэг. Тиймээс өнгөрсөн жил бид хуучин өрхийн эмнэлгийг засварлаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг байгуулж, 2 анги нээсэн. Энэ жил Дэлхийн зөн ОУ-ын байгууллагатай хамтран тус цэцэрлэгийг 4 бүлэгтэй болгон өргөтгөлөө. Энэ хүүхдүүдийг цэцэрлэгт өдөр өнжөөхөөс илүүтэй өөрт нь чиглэсэн эмчилгээг байнга хийж байгаа. Эмчилгээ хийснээр илт сэргэж байгаа хүүхдүүд байна.  Тэр болгонд нь эцэг, эхчүүд маш их урам зориг авч байна. Хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд хөдөлмөр эрхлэх боломжууд нээгдэж байна. Асар их гэрэл гэгээ харагдаж байгаа учир гол анхаарлаа хандуулж, зайлшгүй авч явах ёстой салбар гэж бодож байгаа. Нөгөө талаасаа сургуульд явж байгаа хүүхдүүдийг дэмжиж байна. Манай тусгай бүлгийн хүүхдүүд спортоор өндөр амжилт гаргаж байгаа. Зөвхөн хүүхэд биш хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн ажлуудыг тодорхой хэмжээнд хийх ёстой юм байна. Харин иргэд маань өөрсдөө хоорондоо нягтарч нэгдэж орон нутаг руу тодорхой санал хэлэх юм бол дэмжих боломж байна.

Улсын хэмжээнд  хүн амын тоогоороо дээгүүр байрт ордог томоохон аймгийг амжилттай удирдахад та ямар арга барил баримтлан ажиллаж байна вэ?

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, төрийн өмчит компанийн захирал, ИТХ-ын дарга гээд 16 жил төрийн байгууллагад ажиллаж байна. Хамт ажиллаж байсан хүмүүсээ ажлын арга барил авдаг юм болов уу гэж боддог. Өмнөх Засаг дарга нартай олон жил хамтарч ажиллаж, Б.Эрдэнэбилэгт даргаас цаг хугацааг мэдэрч хурдтай ажиллахыг, Д.Тогтохсүрэн даргаас төрийн албаны зарчим, арга барилыг суралцсан. Ер нь бол цаг хугацаатай уралдаж ажиллахыг хичээдэг. Оновчтой шийдвэр гаргаж, түүнийгээ хугацаанд нь бодитой ажил хэрэг болгохыг зорьдог доо.

Та цаг гаргаж иргэдээ хүлээж авч уулздаг. Иргэд маань ихэвчлэн ямар асуудлыг гаргаж тавьдаг вэ? Таны санааг хамгийн ихээр зовоож буй асуудал юу байна вэ?

Би өдөр бүр тоорхой цагийн хуваарийн дагуу иргэдийг хүлээн авч уулздаг. Уулзаж байгаа иргэдээс ажлын байраар хангах,  өөрөө эсвэл гэр бүлийнх нь хэн нэгэн хорт хавдар эсвэл Монголд эмчлэх боломжгүй өвчин туссан. Гадаадын аль нэг улс орон руу явах шаардлагатай эмчилгээний зардал дээр дэмжлэг үзүүлээч, хандив тусламж шийдэж өгөөч гэсэн асуудлаар хүсэлт тавьж байна. Хавдрын өвчлөлд их санаа зовж, сэтгэл эмзэглэж байна даа. Бид аль суманд ямар төрлийн хавдраар иргэд өвчлөөд байгааг тогтоох шаардлага байна. Энэ асуудал дээр нэлээн сайн судалгаа хийж анхаарлаа хандуулна.

Ярилцсан Н.Гуамарал


2019-04-08 15:31

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд