ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Өвөрхангайн бахархал төсөл хэрэгжиж эхэллээ

2017-04-03 12:29
Өвөрхангай нутгийн бахархал болсон түүх соёлын биет болон биет бус өвийг залуу хойч үедээ сурталчилан таниулах, түүхэн хүмүүсийн алдар гавьяаг урлаг уран сайхны арга хэлбэрээр мөнхжүүлэн, алдаршуулах зорилготой тус төсөл Өвөрхангайн бахархал Л.Аюуш дэд төслөөр хэрэгжиж эхэллээ.
Өвөрхангайн бахархал Л.Аюуш төслийн хүрээнд түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Гуулин ээмэг" түүхэн драмын жүжгийг Аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид тайзнаа амилуулах ажээ. Тус жүжгийн зохиолыг Төгрөг сумын Соёлын төвийн эрхлэгч Д.Өсөх-Эрдэнэ бичсэн байна. Тэрээр хэлэхдээ: "нутгийн хөгшчүүлийн яриа хөөрөөнд үндэслэн нэлээд чамбай бүтээл гаргахыг хичээж бичсэн. Энэ зохиол бол уран сайхны хийсвэрлэл тун багатай Баатрын амьдралыг л тод харуулсан бүтээл болсон." гэлээ. Мөн Жүжгийн найруулагчаар Аймгийн ХДТеатрын ерөнхий найруулагч Э.Дашзэвэг ажиллаж байна.
Төслийн хүрээнд "Гуулин ээмэг" нэртэйгээр мөн Л.Аюуш баатрын амьдралын бүхий л түүхийг өгүүлсэн түүхэн ном хэвлэгдэн гарна. Мөн Л.Аюуш баатрын тухай үзэсгэлэнг  төсөл хэрэгжих өдрүүд буюу 2017 оны 04-р сарын 07,08 нд аймгийн ХДТеатрын 2 давхарт дэлгэх ажээ. Үүнээс гадна Төслийн баг, Төгрөг сумын ЗДТГазар хамтран Л.Аюуш баатрын нэрэмжит "Монгол улсын төлөө зүтгэе." яруу найргийн наадмыг 2017 оны 04-р сарын 08-ны 16:00 цагт Аюуш баатрын талбайд зохион байгуулах ажээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Л.Аюуш баатрыг хэн сайн мэдэх вэ? Шилдэг бүтээл, Уран илтгэлийн уралдаан зарлагдсан байгаа бөгөөд тус уралдааны 21-р шатны шалгаруулалтууд мөн төслийн хугацаанд зохион байгуулагдах ажээ.
Энэ мэт төслийн хүрээнд Л.Аюуш баатрын талаар олон нийтэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдахаас гадна. Энэ хүний талаар олон төрлийн түүхэн баримт цуглуулан Аймгийн архивд болон бусад холбогдох байгууллагуудад хадгалуулах ажээ. Энэ нь Өвөрхангай аймгаас төрөн гарсан ганцхан улсын баатрынхаа талаар үлдээж байгаа түүхэн хувь нэмэр юм гэдгийг олон хүмүүс онцолж байгаа.
Төслийн санаачлагч зохион байгуулагч Г.Ариунзаяа хэлэхдээ: "Зөвхөн энэ дэд төслөөр хязгаарлагдахгүй олон төслийн цаашид хэрэгжүүлэх болно. Бид Өвөрхангайнх гэж хоосон бардамнах биш үүх түүхээ мэддэг, хүндэлдэг, үнэ цэнийг нь ойлгодог оюунлаг аймаг болохын төлөө хичээн ажиллах болно." гэлээ. 








2017-04-03 12:29

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд