ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Есөнзүйл сумын ИТХ-ын дарга Т.Бат-Өлзий: ӨМӨЗО-ны Улаан хад хотын Далайн нуур сумтай хамтын ажиллагаа тогтоогоод байна

2019-04-04 13:33

Есөнзүйл сумын ИТХ-ын дарга Т.Бат-Өлзийтэй товч ярилцаж, сумын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл авлаа.

- 2018 он Есөнзүйл сумын хувьд ололт амжилт дүүрэн байж, аймагтаа олон ажлаар тэргүүллээ. Та бүхэнд баяр хүргэе.

- 2018 оны манай сумын хувьд ололт, амжилтаар дүүрэн сайхан жил байлаа. Орон нутгийн хөгжлийн сангийн жилийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр улсад  III-р байрт шалгарч, жилийн ажлаараа аймагт өндрөөр үнэлэгдэн  “Тэргүүний сум”-аар өргөмжлөгдсөн. Мөн “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн ажлаар аймагтаа 2-р байрт шалгарсан. Сумын ИТХ, Засаг дарга түүний Тамгын газраас ард иргэдийнхээ ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, орон нутгийнхаа хөгжил дэвшлийг цогцлоож, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэхийн төлөө чармайн ажиллаж байна.

- Есөнзүйл сумын ИТХ ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуульд МАН, АН оролцож, 21 мандатад 42 хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдсөнөөс Монгол Ардын Нам 17 суудал, Ардчилсан Нам 4 суудал авсан. Тус байгууллага нь 21 төлөөлөгч, 7 тэргүүлэгч, 3 ажлын хороодтой.  Сонгогдсон төлөөлөгчдийн 8 нь буюу 37,6 хувь нь эмэгтэй.

- 2018 онд сумын ИТХ-аас ямар бодлого, зорилт баримталж ажиллав?

- Нэгт сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ил тод, хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлж ажиллах, хоёрт хяналт шалгалт, алба хаагчдын ёс зүй, ажлын хариуцлага, цаг ашиглалтыг сайжруулах, гуравт Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгэм, байгаль орчныг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон орон нутгийн хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтуудыг биелүүлэх, дөрөвт Төлөөлөгчид болон багийн ИНХ-ын ур чадвар, мэдлэг чадварыг дээшлүүлэхэд анхаарч, энэ чиглэлээр бодлогуудыг баталж ажилласан.

- Тухайлбал, баталж хэрэгжүүлж буй томоохон бодлого, шийдвэрүүдээс танилцуулахгүй юу?

   - Сумын ИТХ-аас 2018 онд төр нийгэмд болон бусад салбарт өндөр амжилт гаргасан 20 гаруй иргэнийг сумын “Хүндэт иргэн”-ээр шалгаруулж “Батламж” хадгалуулав. Сумын туг, логог шинэчлэх уралдаан зарлаж, шийдвэрлээд байна. Сумын Ерөнхий боловсролын сургууль байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан сургуулийг Монгол Улсын гавъяат багш Ц.Дашдоржийн нэрэмжит, Сум дундын эмнэлгийг Монгол Улсын гавъяат эмч Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгосон.  Сумын ИТХ-аас санаачилж, С.Чулуунбаатар захиралтай уран зургийн “Бест-Арт” галарейтэй хамтран “Бурхан бумбын орон” нэртэй үзэсгэлэнг сумын музейд гарган улсын хэмжээнд уран зургийн галарейтай анхны сум болсон. ӨМӨЗО-ы Улаан хад хотын Хишигтэн хошууны Далайн нуур сумтай харилцаа тогтоон ажил байдлын туршлага солилцон хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Энэ мэтчилэн санаачилж, хэрэгжүүлж байгаа ажил олон бий.

- Багийн Иргэдийн нийтийн хуралд оролцох иргэдийн оролцоо хэр байна вэ?

- Манай сум 4 багтай, сүүлийн үед иргэд багийн ИНХ-д оролцох идэвх сайжирч байна. Мөн 1,4 дүгээр баг бусад багаасаа илүү идэвхтэй хурлаа зохион байгуулж, иргэдээ багийн хуралд хамруулж байна.

- Төлөөлөгчдийн зүгээс ихэвчлэн ямар асуудалд анхаарал хандуулж ажилладаг вэ?

- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах боломж нөхцөлийг сайжруулж, төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлснээр сонгогдсон тойргийнхоо багийн хуралд оролцох, олон нийтийг хамруулсан ажил зохион байгуулахад тус нэмэр болж байна. 4 дүгээр сараас тойрогтоо ажиллах удирдамж боловсруулж, хөдөөний багийн айл өрхүүдээр орж, иргэдийн санал хүсэлтийг нь сонсож холбогдох дээд байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлж ажиллана.

- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил орон нутагт хэр дэвшилттэй байна вэ? Өнгөрсөн жилд зохион байгуулсан томоохон ажлуудас дурдахгүй юу?

- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг 2018 онд шинээр байгуулж, 9 зорилт дэвшүүлэн ажиллалаа. Есөнзүйл сумын нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгай, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүүхдийг гэмт хэрэгт өртөх, холбогдохоос урьдчилан сэргийлэх, үйлдэгдэн гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, бууруулах чиглэлээр тодорхой ажлыг хийж хэрэгжүүлээд байна.

Төрийн албанд ажлын 5 хоногийг архидалтгүй байлгах уриалга дэвшүүлж, долоо хоног бүрийн 3 дахь өдрийг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй өдөр болгон төрийн бүх байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сумын Засаг дарга, түүний Тамгын газар, сумын Аддиктологийн баг, Өсвөрийн цагдаа бүлгэм, багийн Засаг дарга нар, байгууллагуудын нийгмийн ажилтнууд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Малын хулгайгаас урьдчилан сэргийлэх зорилгоор адууны нэгдсэн тамгатай болсон. Төрийн албан хаагчдын утасны дугаар, малчдын малын им тамга, хууль, тогтоомжийн эмхэтгэлийг шинээр хэвлэхээр шийдвэр гараад байна.

- Та хэдийнээс сумын ИТХ-ын даргаар ажиллаж эхэлсэн бэ?

    - Миний бие 1981 оны 06 дугаар сарын 09-нд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн. Соёлын ажлын арга зүйч мэргэжилтэй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр 2 удаа сонгогдсон. 2014 оноос хойш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байна.

- Ярилцсанд баярлалаа.



2019-04-04 13:33

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд