ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

ЕСӨНЗҮЙЛ СУМЫН СУРГУУЛИЙГ ГАВЪЯАТ БАГШИЙН НЭРЭМЖИТ БОЛГОВ

2018-06-25 17:14

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 46 дугаар тогтоолоор Есөнзүйл сумын ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын гавъяат багш Цэрэндоржийн Дашдоржийн нэрэмжит болголоо. 

Дэлхийн нэрт математикч Ц.Дашдорж багш Есөнзүйл сумын уугуул бөгөөд 1987 онд баруун альтериатив алгебрийн бүтэц ба дүрслэл сэдвээр математикийн шинжлэх ухааны доктор, 2005 онд профессорын зэрэг тус тус хамгаалжээ. Тэрбээр МУИС-ийн математик, компьютерийн сургуульд 48 жил багшилснаас 18 жилд нь тэнхимийн эрхлэгч байв. Мөн Монголын математикийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр 12 жил, Монголын математикийн олимпиадын хорооны даргаар 25 жил, Монголын математикийн багш нарын академид 15 жил ажилласан ба 2007 онд Монгол Улсын гавъяат багш цол хүртжээ. Есөнзүйл сумын ерөнхий боловсролын сургууль нь 1924 онд “Өлзийт уулын хошуу”-нд түр сургалттай байгуулагдаж байсан ба 1938 онд “Улаан эргийн дэнж” хэмээх газар албан ёсоор үүссэн түүхтэй. Энэ хичээлийн жилд 400 гаруй сурагч, 49 багш, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулаад байна.

Есөнзүйл сумын ерөнхий боловсролын сургууль үүсч байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байгаа ба түүхт баярыг 7 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг аймгийн ИТх-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар баталлаа.




2018-06-25 17:14

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд