ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Уянга суманд “Бахархал- Хүндэтгэлийн шүтээн" цогцолборыг байгууллаа

2019-08-13 15:40

Уянга сумын “Сайн Ноёны Хурд” МСУХ-оос түүхт  20 жилийнхээ ойг тохиолдуулан “Бахархал- Хүндэтгэлийн шүтээн" цогцолборыг санаачлан байгууллаа.

Уянга сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь Уянга сумын Нутгийн зөвлөлтэй хамтран иргэдийн хандив, дэмжлэгт тулгуурлан босгосон тус цогцолбор нь Уянга хийцийн эрээн гэр, сумын алдарт уяачдын хурдан хүлгүүдийн хөшөөнөөс бүрдсэн бөгөөд өргөөнд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хөшөөг залж, Уянга сумаас төрөн гарсан алдартнуудын хөрөг зургийг байрлуулжээ.

Энэхүү цогцолборын нээлт, Уянга сумын “Сайн Ноёны Хурд” МСУХ үүсэн байгуулагдсаны 20 жил, “Хуйрнагч хүлэг” галын 5 жилийн ойд зориулсан баяр наадам энэ сарын 8,9-ний өдөр болсон юм.

 Наадамд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж болон сумын удирдлагууд, нутгийн зон олон өргөнөөр оролцож, хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаанаар бүтээн байгуулалтаа шүншиглэв.

Дашрамд дурдахад Уянга сум өдгөө 117 уяачтай бөгөөд Монгол Улсын алдарт уяач 2, Аймгийн алдарт уяач 20, Сумын алдарт уяач 17 төрөн гарчээ. “Сайн Ноёны Хурд” МСУХ нь 2016, 2018 онд “Аймгийн шилдэг уяачдын холбоо”, 2017 онд “Монгол Улсын шилдэг уяачдын холбоо”-оор шалгарсан ба нутаг орны хөгжилд үнэтэй хувь нэмэр болохуйц олон ажил санаачлан зохион байгуулж буйн нэг нь энэхүү бүтээн байгуулалт аж.

 


2019-08-13 15:40

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд