ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Арвайхээр хотод 56 камер нэмж суурилуулах шийдвэрийг гаргав

2018-06-20 12:11
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Арвайхээр сумын камержуулалтын явц, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцлээ. 2013 онд Арвайхээр сумын төв зам, гудамж талбайг хянах 80 ширхэг камер 26 цэгт байршуулсан ба үүний 62 нь нэг чиглэлийн, 12 нь хөдөлгөөнт, 6 нь авто машины дугаар таних камер юм.
Гэвч аймгийн төвийн хүрээлэл өргөжиж, хүн ам нэмэгдэн замын хөдөлгөөн ихэсч, хэрэг зөрчил багагүй гарах болсонтой холбогдуулан камер нэмж суурилуулах шаардлага тулгарч байгаа ажээ. Аймгийн Цагдаагийн газраас судалгааны ажлыг хийж, аймгийн Засаг даргын баталсан гэрээний дагуу “Арбэл-Алтай” ХХК-иар зураг, төслийг хийлгэн 28 цэгт 56 дүрс ашиглалтын камерыг нэмж суурилуулахаар боллоо. Телехяналтын системийн гадна ажиллах бүхий л тоноглол нь Монгол орны цаг уурт тохирсон -40 градусаас +40 градусын хэмд ажиллах, ус, чийг, тоосжилтын хамгаалалттай, аянга зайлуулагч болон газардуулагчийн системд холбогдсон байх юм.
Гудамж, талбайн камерын хяналт-удирдлагын төвийг Мэдээлэл, шуурхай удирдлагын төв байранд байрлуулах аж.
Б.Батчимэг

2018-06-20 12:11

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд