ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

АЙМГИЙН УДИРДЛАГУУД БАГШ НАРТ ХАНДАН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2018-08-27 13:54

Өвөрхангай аймгийн багш, сурган хүмүүжүүлэгчид өнөөдөр бага хурлаа зохион байгуулж байна. Хурлаар 2017-2018 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, зорилтын биелэлт, 2018 оны ЭЕШ-ын дүн мэдээлэлд дүгнэлт хийж, ирэх хичээлийн жилийн зорилт, төлөвлөгөөг хэлэлцэж байгаа юм.

Хуралд аймгийн удирдлагууд оролцож, анхаарах шаардлагатай зарим асуудлуудыг онцлон хэллээ. Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж “Хүүхдийн хөгжил, хамгааллын зорилтот жил”-ийн ажилд гурван сар үлдсэнийг сануулж, энэ хугацаанд хүүхдийн сурлагын түвшинд анхаарахаас илүү хүмүүжил, төлөвшил рүү чиглэсэн ажлыг эрчимжүүлэхийг хүслээ. Мөн 2018-2019 оны хичээлийн жилд шинээр нэмэгдэж буй эрүүл мэндийн хичээлийг хүүхдүүдэд эхнээс нь маш сайн эзэмшүүлэхийг даалгав.

Ирэх хичээлийн жилд багш нарт өөрсдийгөө чадавхжуулах, хөгжүүлэх шаардлага тавигдах ба бага ангийн багш нарын дунд аттестатчлал явагдахыг, ЗГХЭГ-ын даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ажлын байранд архидан согтуурсан төрийн албан хаагчийг ажлын байрнаас шууд чөлөөлөхийг энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж багш нарт хандан анхаарууллаа.

2018 оны ЭЕШ-ын дүнгээр Өвөрхангай аймаг улсад 3 дугаар байр эзлэсэн нь өмнөх амжилтуудаас нэг алхам ухарсан хэмээн үзэж байгаагаа аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэв.  Тийм учраас энэ хурлаар өнгөрсөн жилийн алдаа оноогоо нягтлан хэлэлцэж, ирэх жилийн зорилгоо оновчтой тодорхойлохыг үүрэг болголоо. Хэдийгээр манай аймгийн хувьд бусад аймагтай харьцуулахад анги дүүргэлт өндөр, ажлын ачаалал их гэдгийг ойлгож байгаа ч удаа дараа сүүлийн байр мушгиж байгаа сургуулийн удирдлага, багш нарт хариуцлага тооцохгүйгээр цаашаа алхах боломжгүй гэдгийг Засаг дарга мэдэгдэв.

Аймгаас сургалтын орчныг сайжруулах, материаллаг баазыг нэмэгдүүлэхэд дорвитой анхаарч, улс, орон нутаг, олон улсын төсөв, төсөл хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургууль байгуулах, засварлах ажил багагүй хийгдэж байна. Түүнчлэн мэргэжлийн боловсон хүчнээр хангах, шаардлагатай мэргэжлээр оюутан бэлтгэх, манлайлагч багш, сурагч, хүүхдүүдийг дэмжин урамшуулах зэргээр 2018 оны нийт хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг боловсролын салбарт зарцуулж байгаа юм. Тиймээс сургууль, багшийн зүгээс хийх ёстой ажлаа идэвхтэй, сэтгэлтэй хийх шаардлагатай байгааг аймгийн удирдлагууд санууллаа.

Хурлын үеэр Монгол Улсын гавьяат багш Т.Тавхай хэлсэн үгэндээ “Багш мэдлэгтэй байж сурагчдаа мэдлэг олгох боломжтой учраас өөрийгөө байнга хөгжүүлж, судалгаа шинжилгээний ажлаар оролдож байхыг уриалав. Мөн хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудал хамгийн эхэнд тавигдах ёстой, үүний тулд эцэг, эхчүүдтэй тулж ажиллах, өөрөө үлгэр дуурайлалтай бай” гэсэн юм. Боловсролын салбараас 2018-2019 оны хичээлийн жилд “Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц” уриаг дэвшүүлэн ажиллана.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       


2018-08-27 13:54

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд