ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Баярын хурал, хүндэтгэлийн тоглолтыг энэ жилээс анх удаа зохион байгуулж эхэллээ

2019-07-08 06:47

Эрхэмлэх түүхтэй, дээдлэх ёс заншилтай Монгол түмний хоног тоолон, сураг чимээлэн хүлээдэг Үндэсний их баяр наадмын цэнгэл дүүрэн өдрүүд эхэлж байна.

Энэ жил Өвөрхангайчууд Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98, Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойн баярыг 7 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Баяр наадмаа угтан ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 7-ны өдөр аймгийн ХДТ-т зохион байгуулсан бөгөөд цаашид жил бүр ийнхүү тэмдэглэж байх түүхэн шийдвэрийг анх удаа гаргаад байна.

Баярын хурлыг нээж, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж үг хэлэхдээ “Монгол наадам нь цэнгэн баясах, баярлан наадах амралтын өдөр төдийгүй эцэг өвгөдөөс уламжилсан өв, соёлоо бататган түүчээлэх, энэ цагийн өнгө төрхийг түүхийн хуудаснаа гэрчлэн үлдээх үүрэг хариуцлагатай түүхэн цаг мөч” хэмээн онцлов.

Аймгийн Засаг дарга Г.Ганболд “2018 оны аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр өмнөх жилүүдээс ахиц дэвшил гаргасан дөрвөн аймгийн нэгт Өвөрхангай багтаж, эдийн засгийн өрсөлдөх чадвараараа улсад 2-р байр эзлэсэн” сайхан мэдээг наадамчин олондоо дуулгалаа.

Баярын хурлаар аймгийн иргэдийн төлөөлөл тайзнаас гарч сэтгэгдлээ хуваалцсан юм. Монгол Улсын гавъяат барилгачин Л.Төмөрбаатар “Өвөрхангай аймагт бүтээн байгуулалтууд өрнөж, өдрөөс өдөрт хөгжин дэвжиж байгаад ахмадууд бид баяртай байдаг” хэмээсэн бол Мэргэд сургуулийн төгсөгч Ш.Ичинхорлоо “ЭЕШ-д өндөр оноо авсан, улсын төрөлжсөн олимпиадад  амжилттай оролцсон сурагчдад аймгаас мөнгөн урамшуулал олгож байгаа нь сурагчдын урам зоригийг нэмж, тэдний  гэр бүлийн эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг” болохыг хэлэв.

Мөн БОЭТ-ийн эмч н.Сайнжаргал, Мэргэд сургуулийн багш н.Жамъян нар хүүхэд, залуучуудыг эх оронч үзэлтэй байж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхийн төлөө хүн бүр хүчин зүтгэж ажиллахыг, мөн хоггүй наадахыг уриаллаа.

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Арвайхээр хотноо 11 цагаас эхэлнэ. Эрэмгий бөхчүүд нь бяртай, эрдэнэт хүлгүүд нь хурдан, эрхий мэргэд нь цэцэн байх болтугай. Та бүхэн сайхан наадаарай.


 


2019-07-08 06:47

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд