ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өвөрхангай аймагт баригдах мах боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын арга хэмжээ боллоо

2017-06-22

Өвөрхангай аймаг нь малын тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг бөгөөд аймгийн эдийн засгийн 60 гаруй хувийг мал аж ахуйн салбар эзэлж байна. Энэ жил  тус аймагт нийт 7.0 сая гаруй мал зусаж байгаа юм.

Иймд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах замаар ажлын байр нэмэгдүүлэх, малчдын бодит орлогыг өсгөх, орон нутгийн эдийн засгийг чадавхижуулах зорилтыг аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан.

Энэ хүрээнд өнгөрөгч 5 дугаар сард Монгол улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчлал хийх үеэр Засгийн газар хоорондын 21 гэрээнд гарын үсэг зурсны нэг нь БНХАУ-ын Гүй жөү мужийн “Хай чуан” групп, АНУ-ын “Жарвис Монгол” компаниудтай хамтарч Өвөрхангай аймагт махны үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлэх тухай “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан.

Өнөөдөр/2017.06.21/ Өвөрхангай аймгийн орон нутгийн өмчит “Өв мийт продактс” ХХК, БНХАУ-ын “Хайжөү” компани, АНУ-ын “Жарвис Монгол” компани хамтран Өвөрхангай аймагт “Өв эко мийт” мах боловсруулах үйлдвэр, “Өв интернэшнл трэйд” мах, махан бүтээгдэхүүнийг экспортонд гаргах гадаад худалдааны  компани байгуулах гэрээнд гарын үсэг зурж, мах боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, Орон нутгийн өмчит “Өв мийт продактс” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Загарзүсэм,  “Жарвис Монгол” ХХК-ийн  ТУЗ-ийн дарга Л.Ариунбат,  “Хай Чуан” группын ТУЗ-ийн гишүүн Ван Шианчэн нар оролцлоо.