ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

САЛХИТ 3-Р БАГИЙН ИРГЭН Б.БЭЛЭГДЭМБЭРЭЛ

2018-01-08

Бид энэ удаа бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Ногоон нүдэн лам” түүхэн романы гол дүр болох Баасан ламын ганц хүү Аймгийн Алдарт уяач, Онц барилгачин өндөр настан Бэлэгдэмбэрэл гуайг зочны хоймортоо урьж ярилцлаа. Тэрбээр тус романы хоёрдугаар дэвтэр “Жаран цагаан хонь” номын нээлтийг тохиолдуулан Улаанбаатар хотод цөөн хоногоор ирсэн аж.


"Ногоон нүдэн лам"-ын ганц хүү Б.Бэлэгдэмбэрэл: Миний аав их сайхан дуулдаг хүн байсан


Таныг хүмүүс Баасан ламын ганц хүү, гэдгээр нь гадарлах боловч төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?

-          Би Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Ногоон нүдэн лам” буюу Баасан гэдэг хүний хүү Бэлэгдэмбэрэл. Аавдаа бага байхдаа өргөгдөж хүү нь болсон. Миний аав их уран, онцгой авьяастай, “Даян дээрх”-ийн том лам байсан юм л даа.

Та Баасан ламын хэд дэх хүүхэд вэ?

-          Би хоёр дахь хүүхэд нь. Дээрээ нэг эгчтэй. Баасан лам улс төрийн аймшигт хэлмэгдүүлэлтийн үед амьдралд нухлагдаж, “хэцүү газраас” гарч ирээд эгч бид хоёрыг өргөж авсан. Хүн эхээс төрөөд газарт унадаг, үхэх цаг ирэхэд тэнгэрт очдог. Миний хувьд тэнгэр аав, газар ээж гэж бодож явдаг. Өглөө босоод л аавдаа залбирч өөрийн хэмжээндээ ном хурж, өргөл өргөдөг.

Аав тань амьд ахуй цагтаа танд юуг хамгийн их захидаг байсан бэ?

-          Миний аав бол айхтар номтой, буянтай хүн байсан. Ер нь хүнд эдлэх эдлэхгүй хөрөнгө гэж байдаг. Жаргалтай амьдрал баян ч биш ядуу ч биш байх үед л үргэлжилдэг хэмээн захидаг байлаа. Аавын сургаал хэзээ ч мартахгүй сайхан зүйл байдаг. Одоо ч энэ захиж хэлсэн үгнүүд миний ой тооноос гардаггүй.

Аавтайгаа өнгөрүүлсэн сайхан дурсамжуудаасаа хуваалцвал?

-          Манай аав бол их сайхан хоолойтой дуучин хүн байлаа. “Ногоон нүдэн лам” номон дээр “Тэгш таван хүсэл” хэмээх уртын сайхан дуу гардаг. Та бүхэн сайн мэдэж байгаа байх. Тухайн дууг айлд очихдоо ерөөл, магтаал болгон дуулдаг байсан. Бас уран гартай, бүтээлч сэтгэлгээтэй хүн байж дээ. Намайг 13 настай байхад аав минь авдар будаж өгч байлаа. Тэгээд л тэнгэрт хальсан даа. Тэр авдар одоо ч миний гэрийн хойморт залаастай байдаг юм. Дээр үед будаг шунх, бүх юм ховор үед жижигхэн аяганд шороон будаг хийж бэлтгээд авдраа будаж дуусахад будаг ч дуусаж зураг ч бүрэн гүйцэд болдог байлаа. Бүх зүйлийг тааруулдаг нарийн мэдрэмжтэй хүн байсан. Сурах, суралцах маш олон үйлдлүүдийг надад харуулсан хүн. Нэг дурсамж их тод санагдаж байна. Аав намайг дуулахад их дуртай. Тэгээд л миний хүү дуулаарай, миний хүү дуулахад аавд нь хаана ч цуурай  нь сонсогддог юм хэмээн хэлдэг байсансан.

Дээр үед бурхан тахилаа хэрхэн нууж байсан юм бол?

-         Би бага балчир байсан учраас яг хаана, яаж нуусан гэдгийг мэдэхгүй. Юутай ч аав минь “хэцүү газар” 10 гаруй жил орчихоод гарч ирэхдээ гэртээ ч ном уншдаггүй, ямар ч бурхан шүтээн байдаггүй тийм л байсан. Шорон гэдэг бол там шүү дээ. Олон ч лам хуврагууд тухайн үед шоронд орж цаазаар авахуулж амь эрсдэж байсан цаг үе. Миний аавыг ч мөн ялгаагүй цаазаар авах гэж нэрийг нь улаанаар бичсэн байхад нэгэн сайн санаат нутгийн хүн нэрийг нь ногоон болгож амьд үлдээсэн байдаг юм. Энэ хувь тавилан л байх. Үүнээс хойш аав минь хэзээ ч ном уншдаггүй, бурхан шүтээн гэж ярьдаг ч үгүй байлаа. Гэхдээ тархи оюун ухаандаа номтой хүн байсан. Тулсан үед цээжээр номоо уншчихдаг л байлаа.

Тухайн үед бурхан шүтээн залах нь битгий хэл, номын дуу гаргах төдийд л амиа алдах боломжтой аймшигтай цаг үе байсан гэж олон хүн ярьдаг.

-          Тийм шүү. Гэхдээ миний санаж байгаагаар, нутгийн нэг хүүгийн бие өвдөхөд аав маань хоёр ламтай нийлээд гэрт нь нууцаар очиж, хүн харж бай гэж гэрийн хүнийг гадаа зогсоогоод ном уншиж байх үед гаднаас нэг хүн ороод ирсэн гэдэг. Аз болж сайн санаат хүн дуугүй өнгөрөөснөөр асуудалд оролгүй үлдэж  байсан юм даа. Тэгэхээр буян номын хүн гэдэг хүнд туслах чин сэтгэлээ хэзээ ч гээдэггүй юм шиг байгаа юм.

Цаг төр хэцүү байсан ч хүмүүс сүсэг бишрэлээ гээгээгүй гэдэг санаа гарч ирэх шиг боллоо. Та үүнтэй санал нийлэх үү?

-          Нийлнэ ээ. Хүн заавал тахил шүтээн залахдаа биш, гол нь сэтгэл оюун ухаандаа сүндэрлүүлж чадвал буян ном тэгширдэг юм шиг санагддаг. Цаг хэцүү үед олон ч хүн ийм байсан даа. Одоо ч гэсэн би үүн шиг дотроо Ханбогд, Даяндээрх, Дархан Ван хэмээн сүслэн залбирч л явдаг хүмүүсийн нэг.

Даян дээрхийн шүтээн гэж Хөвсгөл нутгийнхан их ярьдаг. Гэтэл Баасан ламыг Ар халх хүн гэж ярих юм. Энэ талаар яривал?

-          Үнэн. Миний эцэг болон эцгийн эцэг түүнээс дээш удам судар Өвөрхангай аймгийн Есөн зүйлд амьдарч байсан хүмүүс гэгддэг. Энэ нутгаас Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд харуулын албанд очиж байсан хүмүүс.

Таны нэрийг хэн хайрласан бэ?

-         Ээж маань намайг тээж байхдаа битүүнд өвдөөд, шинийн нэгэнд төрүүлсэн. Тэгээд ээжийн минь ах энэ хүүхэд их бэлэг дэмбэрэлтэй төрсөн учраас нэрийг нь ийн хайрлана хэмээгээд өгсөн гэдэг.

Баасан лам таныг хэдэн настай байхад өргөж авсан бэ?

-          Цаг хэцүү үед ээж минь олон айлд үзүүлсэн гэнэ лээ. Ямар ч айлд тохироогүй гэж байгаа юм. Тэгээд намайг гурван настай байхад Баасан гэдэг хүнд ямар ч хувцасгүй нүцгэн аваачиж өгөөд “та энэ хүүхдээр хүн хийж ав” гээд өгсөн гэдэг. Үүнээс хойш л аавдаа хүү нь болж өссөн дөө. Бурхан заяагаараа би тэр хүний ивээлд багтаж буян заяаг эдлэх номтой байсан юм байна даа гэж одоог хүртэл боддог. Би өглөө босоод л аавдаа зориулж ерөөл өргөдөг. Миний аавын нэг ч зураг байхгүй ч гэсэн “Ногоон нүдэн лам” ном бүтээлийг дээр залж мөргөдөг. Энэ хорвоогоос хальтлаа Даяндээрх болон аавдаа залбирч явах ёстой. Тэр хүн дээд тэнгэрээс намайг харж л яваа.

Та одоогоор Дархан-Уул аймгийн Хонгор суманд амьдардаг гэж байна. Хэдэн онд нутгаасаа гарсан бэ?

-          13 настай байхад аав минь өнгөрснөөс хойш янз бүрийн ажил хийж явсаар 1968 онд хань ижилтэй болсон. Хань минь нэг нутгийн хүн л дээ. Тэгээд Дархан-Уул аймагт илгээлтээр очоод цэрэгт явж, Жанжин штабт 10 гаруй жил ажиллаад тэндээ суурьшсан даа.

2008 онд “Ногоон нүдэн лам” ном хэвлэгдэхэд та хэр их туслалцаа үзүүлсэн бэ?

-          Миний туслалцаа ч гэж юу байхав дээ. Оюунгэрэл болон түүний гэр бүл, ойр дотны хүмүүс оюун санаагаараа ийм том бүтээл хийсэнд нь маш их баярлаж явдаг. Амьдралд миний аав байсан нь үнэн ч гэсэн нарийн ширийнийг нь сайн мэддэггүй юм. Юуг нь нуухав дээ. Энэхүү номыг бүтээхийн тулд маш их хөдөлмөрлөсөн дүүгээ харахаар өөрийн эрхгүй бахархах, баярлах сэтгэгдэл төрдөг юм.

Хоёрдугаар дэвтэр болох “Жаран цагаан хонь” ном өчигдөрхөн нээлтээ хийлээ. Таны сэтгэгдэл ямар байв?

-          Ёстой сайхан байсан. 70 хүрч яваа хөгшин миний сэтгэл маш их хөдөлсөн. Үгээр илэрхийлэхэд хэцүү юм даа охин минь... Аав минь үнэхээр буянтай хүн байж дээ гэж их бодсон. Энэ сайхан буянаар олон ч сайн хүнтэй тааралдаж, сайхан зүйл их л харж явна даа.

Аав тань таныг байнга харж явдаг гэдэгт итгэдэг гэж байна. Мөн 40 насандаа зөн мэдрэмж орж ирсэн гэдэг. Энэ талаар яривал?

-          Би 40 гаруй насандаа хэлгүй болсон. Чих сонсголгүй. Хүнд их сонин байдаг юм билээ. Тэгээд би эхнэртээ шууд биеийнхээ хэсгүүдээс 10 хоног  цус авахыг зөвлөсөн. Гарнаас, шагайнаас гэх мэт. Үүний дараа 7 хоноод л хэвийн болсон. Сонсгол яриа гээд.

Та өөрөө цус авах газраа хэлсэн гэж үү?

-          Тэгэлгүй яахав. Надад мэдрэгдээд байгаа юм чинь. Түүний дараа тариа, эмчилгээ хийсэн л дээ.

Гайхалтай сонин юм. Таны үр хүүхэд дундаас удам дагаж бурхан шашны мөр хөөсөн хүн бий юу?

-          Ер нь манай удамд зөн мэдрэмж хөгжсөн 7-8 хүн бий. Үүнийгээ дагаад миний бага хүүгийн охин бөө болсон. Бага охинд хоёр ихэр хүү бий. Бурхан багшийн хоёр талд Шаарийбуу, Ээрийбуу хэмээх хоёр лам байдаг юм. Би хоёр ихрийгээ үүнтэй зүйрлэн бэлэгшээж явдаг.

Аавынхаа төлөө үргэлж залбирч шүтэн биширч явдаг таниас суралцах зүйл ихтэй юм шиг санагдаж байна?

-          Одоо үеийн залуучууд бас их айхтар шүү дээ. Өөрсдийн гэсэн бодолтой, түүнийгээ дагаж амьдардаг болчихсон.  Аав ээжийгээ шүтэх, тэднийгээ хүндлэх гэдэг ардын сайхан уламжлалаа ямар ч цаг үед хэзээ ч  битгий алдаасай л гэж бодож явдаг даа.

Баасан ламын ганц хүүгийн хувьд, шинэхэн гарсан номын гол дүрийн хувьд хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-          Хойч үе болсон залуучууд хүүхдүүд минь, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хадгалахын тулд мянга мянган малчин иргэд таны эмээ өвөө шар махтайгаа хатаж явсныг бүү мартаарай. “Жаран цагаан хонь” номыг заавал уншиж өмнөх үеэ ойлгож ухаараарай, тэднийгээ хүндэлж яваарай л гэж өвгөн би хэлье дээ. Мөн Цэдэвдамбын Оюунгэрэл, түүний нөхөр Жеффри Л.Фолт болон номыг бүтээхэд гүн туслалцаа үзүүлсэн олон настангууд, залуучуудад маш их баярлалаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай...

Ярилцсан: А.Хишигдэлгэр

Эх сурвалж: Breakingnews.mn




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%