ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АИХ-ын депутатуудад батламж гардууллаа

2018-04-04

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж Ардын Их Хурлын депутат ахмадуудад УИХ-ын даргын гарын үсэг бүхий батламжийг гардуулан өглөө. Тухайлбал, 1990-1992 онд Үндсэн хууль хэлэлцэж баталсан Ж.Шоовдор, Б.Дашпунцаг, Ц.Төмөр-Очир, Ё.Галсанжав, Ж.Отгон, Ж.Доржготов нарын ахмадуудыг “Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай” хуулийн дагуу алдар цолтой ахмад настанд хамруулан сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж, жил бүр хөнгөлөлт авах эрх олгож байгаа юм.
“Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай” хуулинд нэмэлт өөрчлөлт орж, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгасан байна.

АИХ-ын депутат Б.Дашпунцаг:
• Би 1990-1992 онд Бат-Өлзий суманд ажиллаж байхдаа Ардын Их Хурлыг сонгох 12 удаагийн сонгуулиар Депутатаар сонгогдож байсан. 1992 оны 1 сард зах зээлийн эдийн засагт шилжих анхны шинэ Үндсэн хуулийг АИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан. Монгол Улсын түүхэнд нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжихэд гол чиг баримжааг гаргаж өгсөн түүхэн баримт бичиг байсан учраас УИХ-аас өндөр ач холбогдолтойг тооцож, Үндсэн хууль батлалцсан биднийг “Үндсэн хууль тогтоогчид” гэж нэрлээд төрөөс мөнгөн тэтгэмж, тусламж дэмжлэг үзүүлж байхаар шийдвэрлэсэн явдалд баярлаж байна.
АИХ-ын депутат Ц.Төмөр-Очир:
• Бид дөрөв дэх Үндсэн хуулийг батлалцсан хүмүүс л дээ. Эх орныхоо төлөө цус нөжөө урсган тэмцэж байсан эцэг өвгөдийн дэргэд юу ч биш. Гэхдээ нийгмийг тэс өөр тогтолцоонд шилжих үеийн тунхаг бичиг гэдгээрээ энэ хууль үнэтэй, цайтай байгаа юм. Яагаад гэхээр энэ хуульд цоо шинэ асуудлуудыг дэвшүүлэн хүний эрх, эрх чөлөө гэдгийг онцгойлон авч үзсэн. Ардчилсан нийгэмд төрийн удирдлага ямар байх ёстойг нарийн зааж өгсөн. Тэр үед ганцхан нам байлаа. Үндсэн хуулийг намынхаа эрх ашиг, өөрсдийнхөө ая таалалд зохицуулаад хэлэлцээд баталж болох байсан ч бид тэгээгүй. Цаг үеэ мэдэрч ажилласан даа. Тийм ч учраас төр өнөөдөр ийм их хайр хүндэтгэл үзүүлж байна гэж бодож баярлаж байна даа.
Б.Батчимэг