ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумдын ОНХС-ийн зарцуулалтын үр дүнг хурлаар хэлэлцэв

2018-08-31

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хуралдаж, Хужирт, Өлзийт, Зүүнбаян-Улаан сумдын “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын үр дүнгийн тухай” сонсгол мэдээллийг хэлэлцлээ.

2018 онд Өлзийт сумын ОНХС-д 62328100 мянган төгрөгийг хуваарилсан ба 28 төсөл арга хэмжээнд 345 иргэний 1953 саналыг хүлээн авч эрэмбэлэн дараах ажлуудыг хэрэгжүүлсэн байна.

Тухайлбал, Ахмадын өргөө барих, Сумын харилцаа, холбооны дэд бүтцийг байгуулах, Гудамжны гэрэлтүүлэг засвар, Хог тээврийн авто машин худалдан авах болон зураг төслийн үйл ажиллагаанд дээрх хөрөнгийг төсөвлөжээ. Сумын төвд гэрэлтүүлгийн 11 шонг шилжүүлэн байрлуулах, гэр хороолол руу 6 ширхэг гэрэлтүүлгийг шинээр суурилуулах, тоолуур тавих ажлыг гүйцэтгээд байгаа ба 9х12 хэмжээ бүхий гурван өрөөтэй “Ахмадын өргөө”-г байгуулаад байна.

Хужирт сумын ИТХ-аас 2018 оны үйл ажиллагааны зардалд 128,5 мянган төгрөгийг зарцуулахаар баталжээ. ОНХС-ийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажлын жагсаалтыг иргэдийн оролцоотойгоор эрэмбэлж, Хог тээвэрлэлтийн машин авах, Сумын төвд байрлах 103 гэрэлтүүлгийн шонг засварлах, Хүүхдийн тоглоомын талбай байгуулах, Сумын төвийн үерийн даланг засварлах, Сумын төвийг камержуулах, Хогийн цэгийг цэгцлэх зэрэг 10 орчим бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгээд байна.

Зүүнбаян-Улаан сумын ОНХС-аас энэ онд 62.106.0 төгрөгийн  бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөн хэрэгжүүлж байна. Тухайлбал, Сургуулийн өргөтгөлийн байр, Бизнес хөгжлийн төвийг засварлах, Ногоон байгууламж байгуулах, Хүндэтгэлийн хаалга, Алтангадас одонгийн хөшөө босгох, Шүдний багаж хэрэгсэл, эм бэлдмэл, Онгийн голын гүүр барих, 22 айлын орон сууцны гадна засвар, Сумын төвийн худгийн шугамын засвар, Ахмадын өргөө барих зэрэг 10 гаруй ажилд дээрх хөрөнгийг зарцуулаад байгаа юм.


Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Тэргүүлэгчдийн зүгээс сумдын Засаг дарга нарт хандан тодорхой үүрэг чиглэл өгөв. ОНХС-ийн хөрөнгийг зарцуулах журмын дагуу үйл ажиллагаа явуулах, иргэдийн оролцоог хангах, бага төсвөөр чанаргүй их ажил хийхийн оронд чанартай цөөн бүтээн байгуулалтанд төсвөө зарцуулах талаар санал хэллээ. Мөн иргэдийнхээ ухамсарыг сайжруулах, мэдээллийг зөв өгөх талаар ажиллахгүй бол төсвийн мөнгө хий дэмий зүйлд зарцуулагдсаар байхыг сануулав. Тодруулбал, иргэд дуртай газраа хог хаядаг, эцэст нь төсвийн мөнгөөр цэвэрлэдэг болохыг төлөөлөгч Б.Батмөнх дурдаж байлаа.

Б.Чимэглэн