ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд сумдууд идэвх санаачилгатай ажиллаж байна

2018-08-31

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Есөнзүйл сумдын Засаг дарга нар “Хүүхдийн хөгжил хамгааллын жил”-ийн хүрээнд сумандаа зохион байгуулж буй үйл ажиллагааг танилцууллаа. Онцлог ажлуудаас дурдвал:

  •    Баян-Өндөр суманд байгууллагуудын дэргэд “Гэр бүлийн зөвлөл”-ийг шинэчлэн байгуулж, Гэр бүлийн судалгааны мэдээллийн сантай болсон байна. Тодруулбал, Өрх толгойлсон эх, Залуу гэр бүл, Гэр бүлийн хөдөлмөр эрхлэлт, Оюутан хүүхэдтэй гэр бүл, Тусламж дэмжлэг шаардлагатай зорилтот гэр бүл гэхчлэн судалгааг төрөлжүүлэн гаргажээ. Тус суманд ОНХС-ийн хөрөнгөөр 40 хүүхдийн дотуур байр барьж, “Хүүхэд хөгжлийн танхим” байгуулан иргэд өөрсдийн хандиваар тохижуулж байгаа юм. Франц улсын Аллиар мужийн АPUA нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд сумын Эрүүл мэндийн төв нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн загвар эмнэлэг” болох талаар зорилт тавин ажиллаж байна.
  •     Есөнзүйл суманд “Өсвөр үе-Ирээдүйн босго” танхимыг нээн ажиллуулж, өсвөр үеийнхний дунд тулгамдаж буй нөхөн үржихүйн асуудлыг судлан ганцаарчилсан мэдээлэл зөвлөгөө өгөх, хүүхдээс хүүхдэд аргачлалыг нэвтрүүлэх байдлаар ажиллаж байна. Сумын нийт хүүхдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах зорилт тавьж, 0-19 насны 425 хүүхдийг хамруулжээ. Номын сангийн уншлагын танхим нь 7 хоног бүрийн 5 дахь өдрийг “Гэр бүлийн ном уншлагын өдөр болгон ажиллаж байгаа юм.
  •          Баруунбаян-Улаан сум нийт 1148 хүүхэдтэйгээс эмэгтэй-561, эрэгтэй-587 хүүхэд байна. Зорилтот жилийн хүрээнд 5 зорилт, 33 арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажлын төлөвлөгөөг гаргасан ба сумын хүүхдүүдийн статистик эмхэтгэлтэй болох,  2-18 насны 825 хүүхдийг шүдний үзлэгт хамруулах, Сар бүрийн 2 дахь 7 хоногийн 2 дахь өдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон зарлах зэргээр томоохон ажлуудыг хйигээд байгаа аж. Мөн хүүхэд рүү чиглэсэн аян, зөвлөгөөн, нээлттэй өдөрлөгүүдийг зохион байгуулаад байна.

-