ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Шинэ хичээлийн жилд 10 мянга гаруй бяцхан үрс цэцэрлэгт, 20 мянга гаруй хүүхэд ЕБС-д суралцана

2018-09-04

2018-2019 оны хичээлийн шинэ жилд манай аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 43 цэцэрлэгт 10000 гаруй бяцхан үрс, ерөнхий боловсролын 30 сургуульд 22000 хүүхдүүд суралцаж, эрдэм номын гэгээн өргөөнд 2800 гаруй эрдэмтэн багш, албан хаагчид ажиллана. Энэ хичээлийн жилд 2800 хүүхэд 1 дүгээр ангид элсэн орж байгаа юм. 
2018 онд аймгийн боловсролын салбарт цэцэрлэг, сургууль, спорт заал, дотуур байр, соёлын төв зэрэг 15 бүтээн байгуулалтыг шинээр өрнүүлж, 11 обьектод их засвар хийж байна. Эдгээр сургууль, цэцэрлэгүүд 2018, 2019 онд ашиглалтад орж, ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадал 1360, цэцэрлэгийн хүчин чадал 350 суудлаар нэмэгдэж, хүүхэд багачууд маань ая тухтай орчин нөхцөлд суралцах боломж бүрдэнэ. 
Арвайхээр сум дахь хичээлийн шинэ жилийн нээлтэнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар оролцон нийт багш, сурагчид, ажилтнууд, эцэг эхчүүдэд баярын мэнд хүргэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Боловсрол бол Монгол Улсад тэргүүлэх салбар. Сүүлийн үед улс орны эдийн засаг, санхүүгийн чадавхи сайжирч байгаатай холбогдуулан боловсролын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа. 2018-2019 онд улсын хэмжээнд 60 гаруй сургууль, 90 гаруй цэцэрлэг барихаар төлөвлөж байна. Энэ бол ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн коэфциентийг хоёр ээлжинд оруулах, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 70-аас доошгүй хувьд хүргэх том зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажил юм. Энэ дагуу манай Өвөрхангайд бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж байгаа” гэв.