ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өвөрхангайн хүүхдүүд 3 дахь удаагийн чуулганаа зохион байгуулж байна

2018-09-28

Өнөөдөр Арвайхээр хотноо “Хүүхдийн хөгжил-Аз жаргалтай ирээдүй” хүүхдийн III чуулган болж байна. Аймгийн ИТХ-аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласны дагуу хүүхдийн эрхийг хамгаалсан, авъяас чадварыг хөгжүүлсэн, амьдрал ахуйд нь тусалж дэмжсэн, сурч боловсрох орчин нөхцөлийг хангасан олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү чуулган юм.

Чуулганд 42916 хүүхдийн төлөөлөл болсон 220 гаруй хүүхэд оролцож, хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлж байгаа мэдээллийг аймгийн болон хүүхдийн байгууллагын удирдлагуудаас сонсон зөв хүмүүжил, төлөвшлийн тухай сургалтанд хамрагдаж, тулгамдсан асуудлынхаа талаар санал сэтгэгдлээ илэрхийлж байна.


Манай аймаг 0-18 насны 42,916 хүүхэдтэй. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй-600, бүтэн, хагас өнчин 1773, асрамж халамжийн төвд амьдардаг-12, гэмт хэрэгт холбогдсон-5, сургууль завсардсан-5, зам тээврийн осолд өртсөн-2, гэмт хэргийн улмаас хохирсон-17, амжиргааны түвшин доогуур өрхөд амьдарч байгаа 2567 хүүхэд байна.

Энэ тоо баримтаас үзэхэд төрийн болон нийгмийн хамгаалал шаардлагатай олон хүүхэд байгаа бөгөөд хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар дорвитой бодлого, шийдвэр гарган хэрэгжүүлэх шаардлага жил тутамд тулгарч байгаа билээ. Тиймээс ганц зорилтот жилийн хүрээнд бус цаашид ч орон нутгаас гаргаж буй бодлого, шийдвэр, хөтөлбөрүүдэд ирээдүйн залгамж халаа болсон хүүхэд, залуусынхаа амьдрах, сурч боловсрох, хөгжих, хүмүүжих эрхийг ханган хамгаалах чиглэлээр тодорхой асуудлыг чухалчлан тусгаж хэрэгжүүлэх ёстой гэдгийг аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэлэв.

Зорилтот жилийн хүрээнд 21 мянган хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, Хүүхдийн урлагийн их наадамд 19 сумын 3200 гаруй хүүхэд авъяас билгээ нээн хөгжүүллээ. Шилдэг тэргүүний болон хөгжлийн бэрхшээлтэй 734 хүүхдийн зардлыг нь даан Цагаанзалаа зусланд амруулсан ба аймгийн нийт хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалсан бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд зарцуулж байна.


Б.Чимэглэн