ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Арвайхээрт дахин Мах боловсруулах үйлдвэрийг байгууллаа

2018-09-28

Өчигдөр Арвайхээрт махны хоёр дахь томоохон үйлдвэр нээлтээ хийлээ. “Дээжийн өргөө” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй уг үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгаас 50 орчим хүнийг ажлын байраар хангахын зэрэгцээ малчдад малаа борлуулах боломж нээгдэж байгаа юм.

Өдөрт 60 бод, 600 бог мал хийх хүчин чадалтай, загсаах, -45 градуст гүн хөлдөөх төхөөрөмж, 450 тонн мах хадгалах зоорьтой тус Махны үйлдвэрт 100 хувь экспортын мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх аж.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг даргын орлогч О.Батжаргал нар оролцсон бөгөөд “Манай аймаг сүүлийн 3 жилд малын тоо толгойгоороо улсад тэргүүлж, өнгөрсөн жил 5,7 сая толгой мал тоолуулсан ба аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг хөдөө аж ахуйн салбараас нийлүүлж байна. Нөгөө талаар малын бэлчээрийн даац 2,5 дахин хэтэрсэн, мал, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эдийн үнэ ханш буурснаас малчдын тогтмол орлого багассан зэрэг сөрөг үзэгдлүүд ч гарч байгаа юм. Тиймээс малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, малчдын гар дээр бэлэн мөнгөний орлогыг бүрдүүлэх үүднээс мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх том, жижиг үйлдвэрүүдийг аймгаас бодлогоор дэмжиж байна” гэлээ.

Өнгөрсөн онд Өвөрхангай аймаг БНХАУ-ын Гүйжөү мужийн Мах үйлдвэрлэгч холбоо болон Америкийн махны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн нийлүүлэгч томоохон компанитай хамтарч, “Өв Мийт” мах боловсруулах үйлдвэрийг байгуулсан билээ.


Б.Чимэглэн