ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Таксины үйлчилгээ эрхлэгчид нэгдсэн зохион байгуулалтад орно

2018-10-24

Аймгийн Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас таксины үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд, ХХҮГ-ын дарга С.Ундрах, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж нар оролцож, таксины үйлчилгээ эрхлэгчдэд мэдээлэл, зөвлөгөөг өгөв. Таксины үйлчилгээ үзүүлэх нь албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэлт бөгөөд эрх ашгаа хамгаалуулах, нийгмийн даатгалаа төлөх гэхчлэн нийгмийн баталгаа, ажлын байрны хамгааллаас гадуур хоцордог хэсэг бүлэг юм. Тиймээс тэднийг шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх, тулгамдсан асуудлаа хэлэлцэх боломжийг нээж энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Нөгөө талаар орлого олох, амьдралаа авч явах үүднээс уг ажлыг эрхэлж байгаа ч үйлчлүүлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хариуцаж, хамгаалж явах том үүргийг хүлээж байгаа гэдгийг нь таксичдад ойлгуулах, орон нутагт такси үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулахыг зорьсон байна.

Аймгийн удирдлагуудын зүгээс такси эрхлэх орчин нөхцөлийг хангаж, албан ёсны зогсоолуудыг бүрдүүлж өгөхөө хэлсэн бөгөөд таксичдыг үйлчлүүлэгчдэдээ зориулан цэвэр цэмцгэр, ая тухтай, найдвартай унаагаар үйлчилж, үнэ тарифын хувьд уян хатан, нэгдмэл байхыг хүслээ. Зөвлөгөөнөөр “Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-г байгуулж, дарга, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон томилсон юм. Тус холбоо нь стандартын шаардлагад нийцсэн такси үйлчилгээг Өвөрхангай аймагт нэвтрүүлэх, такси үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллахаар болов. Арвайхээрт жижиг тэргээр такси үйлчилгээ эрхэлдэг 90 гаруй хүн байдаг аж.
Б.Чимэглэн