ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр Аддиктологийн багийн гишүүдийг чадавхижуулав

2018-11-06

Аддиктологийн багийн гишүүдийг чадавхижуулах, нэгдсэн мэдээллээр хангах сургалт боллоо. Аймгийн Хууль, эрхзүйн хэлтсээс зохион байгуулсан уг сургалтаар Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, БОЭТ, ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн 61.6 хувь нь гэр бүл, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл аюулгүй орчинд тайван амьдрах нөхцөл бололцоог алдагдуулж, хүүхдийн сэтгэл зүй, оюун санаа, хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байна. Архины шалтгаант эмгэгтэй, архинд донтох өвчтэй буюу байнга хэтрүүлэн хэрэглэж удаа дараа эрүүлжигдсэн иргэдийн тоо буурахгүй байгаа бөгөөд архинд донтох өвчнийг эрт илрүүлэх, эмчлэн эдгэрүүлэх, эмчлэгдсэн иргэнийг нийгэмшүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, эрчимжүүлж ажиллах шаардлагатай байгаа хэмээн сургалтын үеэр онцолж байв.

Архинд донтох өвчтэй болон архидан согтуурч байгаа иргэдийн дийлэнх нь идэвхтэй хөдөлмөрийн насны иргэд байгаа нь аймгийн хөгжил, дэвшилд сөрөг нөлөө үзүүлж, ажилгүйдэл, ядуурлын үндсэн шалтгаан болж байгааг аймгийн Хууль, эрхзүйн хэлтсийн мэргэжилтэн З.Нацагням хэллээ.

2015-2018 онд аймгийн БОЭТ-ийн Сэтгэц, Наркологийн тасагт 345 архины хамаарал эмгэгтэй өвчтөн хэвтэн эмчлүүлжээ. Архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас энэ онд 40 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн улмаас амь нас, эрүүл мэндэд нь ноцтой аюул занал тулгарсан хүүхэд, эмэгтэйчүүдийг түр байрлуулах зорилгоор 2015 онд байгуулсан “Хамгаалах байр”-нд нийт 61 хүүхэд, 43 эмэгтэй  байрлан нийгмийн нөхөн сэргээх үйлчилгээг авчээ.

Архины хамааралтай болон архинд донтох өвчтэй иргэдтэй ажиллах үүрэг бүхий “Аддиктологийн баг”-ийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр тогтоолоор шинэчлэн байгуулаад байна.

Б.Чимэг

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%