ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Эр хүн болж төрсөн болгон цэргийн алба хаах ёстойг ахмад дайчид сануулав

2019-03-19

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, ЗХ-ий 256 дугаар анги хамтран БНМАУ-ын баатар Л. Аюушын талбайд “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн тус үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, цэргийн ахмад хурандаа нар оролцож, Л. Аюуш баатрын хөшөөнд цэцэг өргөсөн юм. “Жил бүр цэргийн албанд татагдах ёстой нийт залуусын 10 гаруйхан хувь нь л цэрэгт явах сонирхолтой байдаг. Тэгэхээр энэ арга хэмжээ нь залуу, хойч үед цэргийн алба хаах нь нэр төрийн хэрэг юм гэдгийг ойлгуулах, алба хаах сонирхол төрүүлэхэд чухал ач холбогдол үзүүлж болов уу” хэмээн аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэллээ.

Цэргийн баярт зориулсан арга хэмжээ аймгийн Хөгжимт драмын театрт баярын хурал, хүндэтгэлийн тоглолтоор үргэлжлэв. Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд  хэлсэн үгэндээ “Өвөрхангайчууд бид эх орныхоо төлөө халуун амиа зориулж, ялалт авч ирсэн Монгол Улсын баатар Л.Аюушийн баатарлаг, гавьяаг ямагт санаж байх учиртай” хэмээгээд аймаг орон нутгийн бүхий ажилд дэмжин оролцож байдаг Зэвсэгт хүчний 256, 113 дугаар ангиуд, Үндсэний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын бие бүрэлдэхүүнд баяр хүргэн эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Ахмад дайчид хэлэхдээ “Эр хүн болж төрсөн хүн нэг бүр цэргийн алба хаах ёстой. Цэргийн алба хаах ёстойгэдгийг сурталчилж заадаг байх хэрэгтэй. Цэргийн алба нь мэдлэг олгодог, мэргэжил ч олгодог, хүнтэй харилцуулж сургадаг сайхан алба юм” хэмээж байв. Хурлын үеэр Батлан хамгаалах салбарт үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулсан юм. Баярын хурлын дараа Төрийн цэргийн болон Үндсэний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид хүндэтгэлийн тоглолтыг толилууллаа.