ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж: Нийтийн сонсголын тухай хуулийн хэрэгжилтэнд анхаарч ажиллана

2019-04-08

- Аймгийн ИТХ-ын 2018 оны үйл ажиллагааг Та хэрхэн дүгнэж байна вэ?
- Аймгийн ИТХ-аас батласан үйл ажиллагаа,  төлөвлөгөөний хэрэгжилтийг жилийн эцсийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэдэг. Өнгөрсөн 12 сард ээлжит IX хуралдаан хуралдаж, аймгийн ИТХ-ын  2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө 93.9 хувьтай дүгнэсэн учраас аймгийн ИТХ-ын үйл ажиллагааг сайн хэрэгжлээ гэж ойлгож байна.
мөн аймгийн ИТХ нь бодлого тодорхойлдог байгууллагын хувьд аймаг, орон нутгийнхаа өмнө тулгамдаж байгаа асуудлаар жил бүрийг зорилтот жил болгон зарладаг. Аймгийн ИТХ-аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жил” болгон зарлаж, энэ хүрээнд  хүүхдийн сурч боловсрох,  хөгжих, төлөвших, эрүүл, аюулгүй амьдрахад чиглэсэн олон бодит ажил хийгдэж, 92.4 хувьтай дүгнэлээ. Зорилтот жилд идэвх санаачилгатай ажилласан иргэд, төр, төрийн бус байгууллага, аймгийн Засаг дарга түүний Тамгын газарт талархаж байгаагаа илэрхийлье. 
- Манай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ардчилсан зарчмын дагуу хэр ил тод, нээлттэй ажиллаж байгаа вэ?
- Аймгийн ИТХ-аас хэлэлцэж байгаа асуудлаа ардчилсан зарчмаар нээлттэй шийдвэрлэдэг. Аливаа асуудалд санал хураалт явуулж, олонхиороо шийдэх ба санал гаргасан этгээд олонхийн гаргасан шийдвэрийг хүндэтгэх нь ардчиллын зарчим юм.
УИХ-д ч тэр, аймаг, сумын ИТХ-д ч тэр 8-аас дээш суудал авч байж намын бүлэг байгуулдаг зарчимтай. Аймгийн ИТХ-ын 41 суудлаас МАН 38, АН 3 суудал авсан. Цөөнхийг гуравхан хүн гээд гаргаж байгаа саналыг дэмжихгүй байх тохиолдол ИТХ-д гараагүй. Ардчилсан намаас сонгогдсон гурван төлөөлөгчийн саналд хүндэтгэлтэй хандаж, тухайн асуудлынх нь дагуу санал хурааж ажилладаг. Нөгөө талаар ИТХ-ын хуралдаан болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудал, түүний шийдвэрийг цаг тухайд цахимаар иргэдэд мэдээлж байна. Энэ бол ил тод, нээлтэй байдлын нэг хэлбэр юм. 
- Төлөөлөгчдийнхөө үнэлэмжийг дээшлүүлэх, тэднийг чадавхижуулахад хэр анхаарч ажиллав?
- УИХ-ын Тамгын газар, аймгийн ИТХ, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтраад Төлөөллийн байгууллагыг чадавхижуулах төслийг 2020 он хүртэл хэрэгжүүлж байна. Багийн ИНХ-ын Тэргүүлэгчид, сум, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхижуулах хэд хэдэн удаагийн сургалтыг зохион байгуулсан. 
Мөн энэ төслийн хүрээнд 2018 оны 9 сард Хангайн бүсийн аймгуудын ИТХ-ын Ажлын алба, Төлөөлөгчдийн оролцуулсан бүсийн сургалтыг зохион байгуулж, өөр өөрсдийн аймагт тэргүүн туршлага болохуйц ажлаараа илтгэл тавин хэлэлцүүлж, цаашид хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг боловсруулан гаргасан. Энэ сургалтыг үр дүнтэй болсон гэж дүгнэж байгаа. 
- 2019 онд тавьсан зорилтын тухайд....
- Жил бүрийг зорилтот жил болгохын өмнө аймгийн ИТХ, ЗДТГ-аас иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулдаг. Иргэд маань эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүсэлтээ байнга илэрхийлж, агаарын бохирдолд санаа зовниж байгаагаа хэлж байгаа тул 2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгож зарлаад байна.
Ногоон массыг нэмэгдүүлж, эко орчинг бүрдүүлэх нь хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлөөд зогсохгүй, агаарыг цэвэршүүлэх, чийгшүүлэх, тоосжилтыг багасгах ач холбогдолтой. Тиймээс энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд иргэдийн үүрэг, оролцоо маш чухал. Айл өрх бүр хашаандаа мод тарьж, орчны ногоон байгууламжаа нэмэгдүүлвэл үр дүн нь илүү сайн гарна. 
Хоёрт гэмт хэргийн гаралтын шалтгаан, нөхцөлийг судлаад үзэхээр иргэдийн эрх чөлөө, аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг их өсч байна. Тиймээс зам, талбайн гэрэлтүүлэг, камерыг нэмэх, авто зам тавих зэргээр тохижилтын ажлыг ч гүйцэтгэнэ.
- Хурлын байгууллагаас зайлшгүй хийх шаардлагатай ч хийгдэж амжаагүй ажил бий юу?
- Иргэдийн оролцоог хангах нь Хурлын байгууллагын хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ажил гэж ойлгож байгаа. 2015 онд УИХ-аар батлагдаад өнөөдрийг хүртэл үр дүнтэй хэрэгжихгүй байгаа Нийтийн сонсголын тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж хэвшүүлэхэд анхаарч ажиллана. Оны өмнө БНСУ-ын Парламентийн үйл ажиллагаатай танилцаж, Нийтийн сонсгол зохион байгуулах сэдвээр сургалтанд оролцоод ирсэн. Манай аймагт нийтийн сонсгол хийх олон асуудал байна. Агаарын бохирдол, замын хөдөлгөөний аюулгүй байдал, гэмт хэрэг, бэлчээрийн даац, төсвийн гүйцэтгэл, зарцуулалт гээд тулгамдаж байгаа бүх л асуудлаар иргэдийн дунд нийтийн сонсгол хийж болно.
- Нутгийн өөрөө удирдах байгууллагыг удирдаж яваа хүний хувьд цаашид  ямар асуудлыг анхаарах хэрэгтэй гэж үзэж байна вэ?
- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь нэг талаас ИТХ буюу түүнд сонгогдсон Төлөөлөгчид, нөгөө талаас Засаг дарга түүний Тамгын газрын аппаратыг хэлдэг.  Өрх гэрээр бол тулах хоёр багана юм. Энэ хоёр байгууллагын үйл ажиллагаа жигд, харилцан уялдаатай явснаар нутгийн өөрөө удирдах ёс хэрэгжинэ. Аль нэг нь давамгайлаад, эсвэл хоцрогдоод эхэлвэл Нутгийн өөрөө удирдах байгууллагад доголдол үүсч эхэлнэ. Нэг баганатай гэр гэж байдаггүй шүү дээ /инээв/. 
Төлөөлөгчид иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдчихоод таг чиг болчихдог, тэгээд дөрвөн жилийн дараа дахиад нэр дэвшээд яваад байж болохгүй. Сонгогч иргэдтэйгээ ойр ойрхон уулзаж,  санал бодлыг нь сонсож,  манай тойрогт ийм асуудлыг шийдээд өгөөч гэсэн бодлогоо боловсруулаад аймаг, сумынхаа ИТХ-аар батлуулаад, түүнийгээ хэрэгжүүлээд явах нь Төлөөлөгчийн гол ажил, үүрэг юм. Энэ зарчмаараа ажиллаж чадсан Төлөөлөгч дараагийн сонгуулиар тойрогтоо хийсэн ажилтай, хэлэх үгтэй очиж, иргэдийнхээ дэмжлэгийг авах боломжтой болно. Тийм ч учраас Төлөөлөгчдийг иргэдтэй ойр ажиллуулах, чадавхижуулах, дадлагажуулах нь аймгийн ИТХ-аас нэн тэргүүнд анхаарах ёстой асуудлын нэг юм. 
- Та  аймгийн ИТХ-ын даргаас гадна Бат-Өлзий сумаас сонгогдсон Төлөөлөгч. Өнгөрсөн хугацаанд тойрогтоо хэр анхаарал хандуулж ажиллав.
- Төлөөлөгчдөөс гарсан санал санаачилга, аймгийн МАН-аас ард иргэдийнхээ өмнө амласан амлалт болох “Бүтээлч Өвөрхангай -2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн ИТХ-ын даргын хувьд хичээн ажиллах нь миний үүрэг юм. Түүнээс гадна Бат-Өлзий сумаас сонгогдсон Төлөөлөгчийн хувьд сумынхаа иргэдийн өмнө амлаж байсан ажлуудаа хэрэгжүүлэх нь ч миний үүрэг. Амласан амлалтаа 80 гаруй хувиар хэрэгжүүлсэн гэж өөрийн зүгээс дүгнэж байгаа. 2020 он гэхэд 100 хувь хэрэгжүүлэхийг зорино. 
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын дэмжлэгтэйгээр Орхон голын Онгоцтойн гүүрийг шинэчилж барих ажлын эхлэл тавигдаж, 2 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. 200 метр урт бетонон гүүр барих учраас төсөв өртөг өндөр, ажил ихтэй байгаа. Мөн сумын ЗДТГ-ын барилга тэр чигээрээ мөөгөнцөртөж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөр байгаа. Энэ жил уг барилгын асуудлыг шийдвэрлэнэ. Үүртийн тохойгоос Бат-Өлзий сум ордог зам болон сумын төвийн зам маш бэрхшээлтэй. Үүнийг засаж сайжруулах зорилттой байна. Эдгээр ажлуудыг хийчихвэл Бат-Өлзий сумаас сонгогдсон гурван Төлөөлөгч УИХ-ын гишүүнтэйгээ хамтраад амласан амлалтаа харьцангүй сайн биелүүлсэнд тооцогдох болов уу.
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил 2018 онд Өвөрхангайд хэр ахицтай байв?
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь аймаг, сумын ИТХ-ын даргын ажил үүргийн нэг хэсэг байдаг. Гэхдээ зөвхөн ИТХ-ын дарга хийх ёстой ажил гэж ойлгож болохгүй. Үүн рүү чиглэсэн ажлын төсөв хөрөнгийг баталж, зохион байгуулалтыг голлон хариуцагч нь сум, аймгийн Засаг дарга түүний Тамгын газрынхан болон хууль хяналтын байгууллагууд.Эдгээр байгууллагуудаас гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хэрэгжүүлэхэд нь дэмжиж хамтран ажилладаг. 
2018 онд согтуугаар үйлдэх гэмт хэрэг өссөн дүнтэй байна. Энэ нь хоёр талын шалтгаантай гэж үзэж байгаа. 2018 онд аймаг, сумын ИТХ, ЗДТГ, Цагдаагийн газар хамтраад согтолт хэмжигч багажаар бүх сумдыг хангасан. Ингэснээр жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг газар дээр нь тогтоож байгаа. Илрүүлэлт нэмэгдэхээр гэмт хэрэг өсч байгаа юм шиг ойлголт өгдөг. Нөгөө талаас тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсоноос болж олон хүн жолоодох эрхээ хасуулж байна. Энэ нь нийтийн тээврээр юмуу, ачаа тээвэрлэлтээр орлого олдог хүмүүсийн хувьд маш хүнд тусч байгаа. Гэхдээ “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ?” гэгчээр зөрчил гаргаагүй бол хэн ч эрхийг нь хасахгүй байсан гэдгийг манай иргэд бодох ёстой. Өөрийн буруу гэдгийг ухамсарлаж, бусдад сургамжилж, бүх нийтээрээ л энэ зөрчлийн эсрэг тэмцэх юм бол гэмт хэрэг хэдэн хувиар буурах боломжтой.

Аймгийн ИТХ, ЗДТГ-аас хууль, хяналтын байгууллагуудад 10 машиныг шийдвэрлэж өгсөн. Унаагүй цагдаа унаатай хүний араас яаж хөөцөлдөж, хэрэг илрүүлэх вэ гэдэг асуудал тавигдаж байсан бол одоо тийм яриа гарахгүй гэж найдаж байна. 2019 онд эдгээр өсөлтэй байгаа гэмт хэргийг бууруулахад аймаг, сумын ГХУСАЗЗ-өөс анхаарч ажиллана.