ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Өвөрхангайд ажиллалаа

2019-06-18

 МУЗГ-ын гишүүн, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 9 дэх аймагтаа буюу Өвөрхангайд энэ сарын 15-ны өдөр ажиллалаа. Тэрбээр аймгийн удирдлагуудтай болон боловсрол, соёл, урлаг, спортын салбарын ажилтнуудтай уулзалт хийсэн юм.

* Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд сайдад хандан хэд хэдэн санал тавьлаа. Тус салбарт бүтээн байгуулж, ашиглалтад оруулсан зарим томоохон барилгуудын орон тоо, халаалт, бусад зардлууд шийдэгдээгүй байгааг дуулгав.
* Хархорин сумын Спортын ордон буюу Олимпийн бэлтгэлийн бааз, Арвайхээр дахь 928 хүүхдийн сургууль, Уянга суманд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 100 хүүхдийн цэцэрлэгт анхаарал хандуулахыг сайдаас хүссэн юм.
* Мөн чанаргүй их, дээд сургууль ажилгүйдэл, ядуурлын гол шалтгаан болж байгааг дурдлаа. Манай аймагт ерөнхий боловсролын дунд сургуулийг жилд 1000 гаруй хүүхэд төгсдөг ч их, дээд сургуулийн хуваарь төгсөгчдийн тооноос нэг дахин илүү байдаг. Сургуулиа төгсөөд ирсэн оюутнуудад ажлын байр олдохгүйн улмаас ихэнх нь нийтийн зам, талбайн цэвэрлэгч, шатахууны түгээгч гэхчлэн хар, бор ажил хийж байна. Эцэг, эхээсээ хэдэн арван сая төгрөг гаргуулж, боловсрол эзэмшсэн ч үр дүнг нь гаргадаггүй энэ байдал иргэдэд гол тулгамдсан асуудал болж байгааг санууллаа.
Ё.Баатарбилэг сайд салбарын ажилтнуудтай уулзалт хийх үеэрээ яамнаас авч хэрэгжүүлж буй ажил, цаашдын төлөвлөгөөгөө танилцуулсан юм. БСШУС-аас хууль, эрхзүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалт, ажилтан, албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын асуудалд голлон анхаарч байгаа аж. 
Дашрамд дурдахад Өвөрхангай аймагт 29 ерөнхий боловсролын сургууль, 43 цэцэрлэг, 22 соёл, урлагийн байгууллагад 2734 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ хичээлийн жилд СӨББ-д 9756 хүүхэд, ЕБС-д 21508 сурагч суралцлаа.