ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн удирдлагууд АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүллээ

2020-01-29

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд тэргүүтэй аймгийн удирдлагууд Үндсэн хууль батлалцаж явсан ахмадуудад өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.

1992 онд Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг батлахаар Ардын Их Хурлын 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж байсны дотор Өвөрхангайгаас 23 хүн байв. Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх төрт ёсны хуулийг батлалцаж явсан эдгээр эрхмүүдэд аймгийн удирдлагууд жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм.

Өнөөдрийн арга хэмжээний үеэр АИХ-ын депутат Л.Төмөрбаатар, Галсанжав нартай товч хөөрөлдлөө.

АИХ-ын депутат Л.Төмөрбаатар: 

ЭНЭ ҮНДСЭН ХУУЛЬ ЯМАР Ч БАЙСАН ДАРААГИЙН 30-50  ЖИЛД МОНГОЛ УЛСЫН ХӨТЛӨӨД ЯВАХ БАТЛАГААТАЙ  ЛУУЖИН БОЛЛОО ГЭЖ БОДОЖ БАЙНА

-        -       Монгол Улсад ардчилсан үндсэн хууль батлагдаад 28  жил болж байна. Ардчиллын салхи сэвэлзэж байсан 1990- ээд онд Өвөрхангай аймгаас 23 хүн Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байлаа. Тэр үеийн сонгуулийг түүнээс хойш явагдсан 7 удаагийн сонгуультай харьцуулахад жинхэнэ ардчилсан сонгууль болсон юм. Учир нь ард түмэн өөрсдийнхөө төлөөллийг санаа нэгтэй сонгож чадсан. Үндсэн хууль батлахад аймгаараа нэг болж, санал бодлоо нэгтгээд  Үндсэн хуулийн заалт бүрт санаа оноогоо тусгаж байсан. Тийм  ч учраас 1992 оны Үндсэн хууль дэлхийн жишигт хүрч, ардчиллыг цааш нь хөгжүүлэх луужин болсон гэж бид үздэг.

-       Өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Та үүнд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байгаа вэ?

-       Нийгэм хөгжих явцад Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлага гарч ирнэ. Улс орон, дэлхий нийтийн хөгжилтэй уялдуулаад Үндсэн хуульд 20-30 жилийн дараа ямар нэгэн өөрчлөлт ороод явах ёстой байх. Энэ бол улс орны хөгжилтэй, ирээдүйтэй холбоотой.

Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн зарим нэгэн алдаа дутагдлыг сайжруулсан, гэхдээ Үндсэн хуулийн ерөнхий агуулгыг алдагдуулаагүй сайн өөрчлөлт болсон гэж үзэж байгаа. Энэ Үндсэн хууль ямар ч байсан дараагийн 30-50 жилд Монгол Улсын хөтлөөд явах батлагаатай луужин боллоо гэж бодож байна.

АИХ-ын депутат Ё.Галсанжав:

1992 ОНЫ ҮНДСЭН ХУУЛЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ САЙН ХУУЛЬ БАЙСАН ГЭЖ МИНИЙ ХУВЬД ХЭЛЭХГҮЙ. ГЭХДЭЭ МОНГОЛ УЛСЫГ 28 ЖИЛ АВЧ ЯВЛАА, ОДООГООРОО МӨРДӨЖ Л БАЙНА. 

-       Үндсэн хуулийг 14 хоногт багтааж хэлэлцэнэ гэж төлөвлөж байсан юм. Гэтэл 6 бүлэг 70 зүйлийг заалт бүрийг хэлэлцэж, нэг зүйл дээр гэхэд л 24 цаг болж байсан. Тэр үед бид нэлээн хүнд нөхцөлд л ажилладаг байв. Голдуу хөдөөгүүр явна, олон түмэнтэй уулзана. Тэгж байж л 1992 оны Үндсэн хуулийг батласан даа. Тэр чигээрээ сайн хууль байсан гэж миний хувьд хэлэхгүй. Гэхдээ Монгол Улсыг 28 жил авч явлаа, одоогоороо мөрдөж л байна.  

Үндсэн хуульд сая нэмэлт өөрчлөлт оруулж батласан. Ерөнхийдөө болноо, болно. Сумын Засаг даргыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас биш ард түмнээс сонгодог байх нь зөв гэж бодож байна.