ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн Онцгой комиссоос цаг үеийн мэдээлэл өглөө

2020-03-20

Аймгийн Онцгой комиссоос долоо хоног тутамд олон нийтэд хандсан мэдээлэл өгч, Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг хүргэж байна.

Өнөөдөр аймгийн Онцгой байдлын газар /ОБГ/, Эрүүл мэндийн газар /ЭМГ/, Мэргэжлийн хяналтын газар /МХГ/, Цагдаагийн газар /ЦГ/, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв /БОЭТ/, Зоонот өвчин судлалын төв /ЗӨСТ/-өөс хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ээлжит мэдээллээ өглөө.

 

Аймгийн ОБГ-аас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг зохиомлоор хөөргөдөж, үнэ нэмж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд албан мэдэгдэл өгч, холбогдох хуулиудын дагуу 100 мянгаас 20 сая хүртэлх төгрөгөөр торгохыг сануулсан байна. Аймгийн Засаг даргын 103 дугаар захирамжаар халдварын сэжигтэй тохиолдол илрэх үед тусгаарлах арга хэмжээ авах зорилгоор Политехникийн коллеж, зочид буудлууд, сургуулийн дотуур байранд 641 орыг бэлтгээд байгааг аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Иргэдэд зөвлөмж өгөх үүднээс 123 төрлийн гарын авлага, материалыг бэлтгэж, 113 мянга гаруй иргэнд хүргэжээ.

Аймгийн БОЭТ-д Шуурхайн түр штабыг байгуулж, хариуцлагатай жижүүрийг 24 цагаар ажиллуулж байгаа ба 55 ортой 3 тасгийг бэлэн байдалд бэлтгэж, эмч, сувилагчдыг халдварын үеийн эмчилгээ, оношилгоо, хамгаалах аргад чадавхижуулан сургаж байна.

 

Аймгийн Засаг даргын А/96 дугаар захирамжаар архи, согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг 3 дугаар сарын 30 хүртэл хориглосон бөгөөд захирамжийн хэрэгжилтэнд Цагдаагийн газраас хяналт тавин ажиллаж байна. Камер болон эргүүлийн хяналт шалгалтаар архи, согтууруулах ундаа худалдаж байгаа нь илэрсэн дэлгүүрүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтаар хариуцлага тооцжээ.

 

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас худалдаа,  үйлчилгээний 56 байгууллага, 9 банк, 71 нийтийн орон сууц, 44 худаг, уст цэг, 2 усан сан, цэвэрлэх байгууламж, 10 гүнийн худаг, 17 эмийн сан болон эрүүл мэндийн байгууллага, зочид буудал, уурын зуух гэх мэт 430 гаруй байгууллагад хяналт шалгалтыг хийжээ. Энэ үеэр улсын байцаагчийн 28 албан шаардлагыг үйлдэж, 4.6 кг бүтээгдэхүүнийг хураан авч, устгасан байна. Мөн 191 аж ахуйн нэгжийн 36425 м/кв талбай, тоног төхөөрөмжид ариутгал, халдваргүйтгэлийг зохион байгуулжээ.

 

Аймгийн Зоонот өвчин судлалын төвөөс Арвайхээр сумын төв захын 17 мянган м/кв талбайд  4.4 тонн уусмалаар халдваргүйтгэл хийж, ариутгасан ба Арвайхээр сумын Онгийн голын постоор орж ирсэн 44 тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийж, 106 хүнээс асуумж судалгаа бөглүүлжээ. Найрамд СӨХ-ны үйлчлэгч нарт цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг хэрхэн хийх сургалтыг зохион байгуулж, ус түгээх худаг, усан сан, цэвэрлэх байгууламж, бусад обьектын халдваргүйтгэлд хяналт тавин мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаж байна.

-- Б.Чимэг --