ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Б.Бүрэнтөгс: Та зөрчил гаргаагүй л бол хэн ч таныг торгож шийтгэхгүй

2020-08-17

 Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Бүрэнтөгстэй ярилцлаа.

Амралт, аялал зугаалгын энэ өдрүүдэд зам тээврийн осол, хэрэг зөрчил хэр гарч байна вэ?

Энэ зун “Covid-19” цар тахлын эсрэг тогтоосон хөл хорионы улмаас гадагшаа чиглэсэн аялалыг цуцласан нь дотоодын амралт, зугаалга харьцангүй их байх нөхцөлийг бүрдүүлж байна. 7 дугаар сарын 1-ээс эхлэн нийслэлээс хөдөө орон нутгийг чиглэсэн зорчих хөдөлгөөний ачаалал нэмэгдэж,  манай аймагт ирсэн болон дамжин өнгөрсөн тээврийн хэрэгслийн тоо их байлаа.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатарыг баруун аймгуудтай холбосон улсын чанартай авто зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг дөрөв бүртгэгдэж, хэргийн улмаас долоон хүн нас барсан. Үүний шалтгаан нөхцөлийг судлаад үзэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, гүйцэж түрүүлэх журам зөрчсөн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлүүлэх үедээ орчныг шалгаагүй зэргээс шалтгаалж, өөрийн болон бусдын амь насыг хохироосон байна. Эдгээр хэргийн хоёр нь улсын чанартай, дамжин өнгөрөх авто зам дээр, хоёр нь хөдөө хээр буюу цагдаагийн хяналтгүй орчинд үйлдэгдсэн.

Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр янз янзын аяныг зарлаж байгаа. Энэ ажил хэр үр дүнтэй хэрэгжиж байгаа вэ?

Тээврийн цагдаагийн албанаас “Яараад яахав дээ”, “Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл” гэх аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд манай тасгаас сургалт, сурталчилгааны ажлыг багагүй хийж байгаа. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран давхардсан тоогоор 128 мянга гаруй иргэнд аяны талаар танилцуулсан байна. Цахим сүлжээг ашиглан 35 төрлийн мэдээллийг олон нийтэд  хүргэсэн.

Аймгийн хэмжээнд явуулын байдлаар хоёр пост, байнгын гурван постыг 24 цагаар ажиллуулдаг. Аймгийн нутаг дэвсгэр дээр дамжин өнгөрч байгаа хатуу хучилттай автозамыг тус бүр 50 км-ээр тасгийн дарга нартаа хариуцуулаад  хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа. 2019 онд 7 дугаар сарын 1-ээс 8 дугаар сарын 13 хүртэлх 45 хоногийн хугацаанд 24 удаагийн осол хэрэг бүртгэгдэж байсан бол энэ жил дээрх хугацаанд 16 осол хэрэг бүртгэгдэж, 33.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Хууль бусаар тарвага агнах, худалдах зөрчил зун, намрын улиралд ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор хяналт, шалгалт явагдаж байгаа болов уу?

Тарваган тахлын өвчлөл голомттой газруудад дахин дахин илэрч байгаа учраас цагдаагийн албан хаагчид тээврийн хэрэгслийн ачаа тээшинд тогтмол үзлэг хийж байна. Хууль бусаар тарвага агнах, нойтон мах тээвэрлэх зөрчил Арвайхээр, Хархорин суманд бүртгэгдсэнийг шалгаад зохих байгууллагад шилжүүлсэн.


Жолоочид, ялангуяа хөдөө орон нутгийн иргэд маань зам дээр цагдаа зогсож байвал айж сандраад байхаас биш, камераар хяналт явагдаж байгааг төдийлөн мэддэггүй шүү дээ.

Манайх Онгийн голын постонд дугаар илрүүлэгчтэй камер тавьсан. Хүчин чадал сайтай учраас орж гарч байгаа тээврийн хэрэгсэл бүрийг бүрэн хянаж байна. Аймгийн төвд камерын хяналтын системийг ажиллуулж, илэрсэн зөрчил тухай бүрт арга хэмжээ тооцож байдаг.

Камераар ихэвчлэн гэрэл дохио зөрчсөн, хамгаалах бүс зүүгээгүй, зогсох ёсгүй газар зогссон зөрчлүүд илэрч байна. Иргэдийн дунд хурд хэтрүүлэх зөрчил түгээмэл байгаа учраас хоёр цэгт хурд хэмжигчийг ажиллуулж, зөрчил гаргасан жолоочдод тухай бүрт анхааруулга, сануулгыг өгч, хариуцлага тооцож ажилладаг. Мөн техникийн бүрэн бүтэн байдал дутмаг, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, шөнийн цагт гэрлээ шилжүүлдэггүй зэрэг зөрчил дутагдал нэлээн гарч байна даа.

Эцэг эх, асран хамгаалагчийн санамсаргүй алдаанаас болж хүүхдүүд зам тээврийн осолд өртөх явдал багагүй гардаг. Манай аймагт хүүхэд осолдсон хэрэг, зөрчил хэр гарч байна вэ?

Энэ онд бага насны хүүхэд амиа алдсан хэрэг нэг удаа гарсан. Бат-Өлзий суманд 8 дугаар сарын 8-ны өдөр орчноо шалгалгүйгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлүүлснээс болж, машины ойролцоо тоглож байсан хоёр настай хүүхдийг дайрсан. Ер нь бол манай иргэдийн хайхрамжгүй, хэнэггүй зангаар гаргадаг нэг алдааг хэлэхэд насанд хүрээгүй хүүхдийг хамгаалалтын суудалд суулгаж тээвэрлэдэггүй. Ийм нөхцөлд зам тээврийн осол гарвал эрсдэл нь их өндөр байна гэдгийг ойлгодоггүй.

Насанд хүрээгүй хүүхдүүд мотоцикль унаж, гэмтэх бэртэх явдал буурахгүй байх шиг байна.

- Зөрчил даамжрахаараа хэрэг болдог. Амь нас, эд хөрөнгө, эдийн засгаараа хохирч, өртөж  байна гэсэн үг. Тэгэхээр хэргийг зөрчлийнх нь шатанд арилгах бодлого барьж, сүүлийн гурван жилд хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлж ажилласан. Түүний үр дүнд зам тээврийн осол гэмтэл буурч байна. Чамгүй олон айл элэг бүтэн амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлж чадсан гэж ойлгож байгаа.

Манай аймаг мотоциклийн хэрэглээгээрээ дээгүүрт ордог. Тиймээс дугааржуулах, каскжуулах зэргээр нэлээн шахаж ажиллаж байна. Хяналттай цэгүүдэд буюу цагдаагийн албан хаагч ажиллаж байгаа замд зам тээврийн осол буурсан. Харин хөдөө хээр, айлаас айлын хооронд зам тээврийн осолд холбогдсон мотоцикльтой жолоочдын тоо буурсан хэдий боловч таслан зогсоогдохгүй байгаа.  

- Зогсох ёсгүй газар машинаа тавих, эсвэл гарцыг хааж тавих явдал жолоочдын дунд түгээмэл байдгаас болж, хоорондоо зөрчил үүсэх нь бий. Үүнээс болоод ачигч машиныг хүсэмжлэгчид ч багагүй байгаа байх.

- Аймаг маань хөгжиж байна, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж, тэр хэрээр зам, талбайн асуудлыг ч шийдвэрлэж байна. Гэвч нэгдүгээр эгнээнд зогсдог, зогсох ёсгүй газар машинаа тавиад түгжээд алга болдог асуудал их гардаг учраас бусад хөдөлгөөнд оролцогчдын эрхийг хангах үүднээс ачилтын машинтай болох шаардлага байгаа. Энэ талаар  аймаг, орон нутагт хүсэлт тавьж, шийдүүлэхээр зорьж байна.

Иргэд жолоочид маань замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэг, бие биендээ хүндэтгэлтэй ханддаг байх юм бол зам тээврийн осол хэрэг, зөрчил буурч, амь нас, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирохгүй байх боломжтой.

- Танайх хүн хүчний хувьд хэр хангалттай вэ?

- Манай аймгийн хувьд тасгийн даргатайгаа нийлээд 21 хүн байдаг. Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор 350 тээврийн хэрэгсэл тутамд нэг замын цагдаа байх ёстой юм. Мөн 150 км тутамд хяналтын пост байх ёстой. Гэвч манайх энэ тоо хэмжээнд хүрдэггүй л дээ. Цаашид техник технологийн дэвшлийг нэвтрүүлэхээс өөр арга байхгүй. Энэ олон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүний хүчээр хяналт тавих боломж хомс байгаа.

- Сануулах, зөвлөхөөсөө түрүүнд торгож, журамлаж байна гэх гомдол иргэдийн дунд их байна. Энэрэнгүй байж болохгүй юу?

- Цагдаа бол хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй, тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагч. Хуулинд юу гэж заасан байна, түүнийг хэрэгжүүлэхээс өөр сонголт байхгүй. Хуулинд сануулна, зөрчлийг нь засуулаад явуулна гэсэн үг, үсэг байдаг бол бид тэрийг хэрэгжүүлээд л явна. Гэтэл хуулинд торгоно л гэсэн  заалт байдаг. Бид хууль зөрчих эрхгүй, харин хэрэгжүүлэх үүргийнхээ хүрээнд ажиллаж байгаа.  Иргэд маань энэ чиглэлийн гомдлыг бидэнд биш хууль санаачилдаг, баталдаг хүмүүст гаргавал илүү зохимжтой байх юм. Үүнийг иргэдэд ойлгуулах гэж сургалт, сурталчилгааны ажлыг нэлээдгүй хийдэг. Ер нь бол та зөрчил гаргаагүй л бол хэн ч таныг торгож шийтгэхгүй  гэдгийг хэлмээр санагддаг.


- Торгуулийн норм гэж байдаг уу?

- Манай иргэдэд нэг буруу ойлголт байдаг. Их торгох тусам шагнал авдаг, цалин нь нэмэгддэг, албан тушаал дэвшүүлдэг гэж ярьдаг л даа. Ийм норм, ажлын үзүүлэлт гэж байхгүй ээ. Торгуулийн мөнгө нь манай байгууллагад биш, улс орон нутгийн төсөвт ордог.

- Цагдаагийн алба, тэр дундаа замын цагдаагийн ажил их хүнд юм шиг санагддаг. Олон түмний аюулгүй байдлын төлөө халуунд халж, хүйтэнд хөрч ажилладаг ч ойлгох хүн ховор байдаг шүү дээ. Таны хувьд яагаад энэ ажил, мэргэжлийг сонгов?

- Аав маань цагдаагийн албан хаагчидтай их ойр хүн байсан л даа. Олон цагдаа найзтай. Тийм болохоор багаасаа цагдаа нарын дунд байж, тэдний ажил албыг сонирхож өссөн. Их сургуулиа инженер мэргэжлээр төгссөн ч цагдаагийн албанд орж ажиллах сонголтыг хийж, 2003 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтэст Замын цагдаагийн тасагт дагалдах ажилтнаар орж байв. Үүнээс хойш тус албаны бүх шат дамжлагт 17 жил ажиллаж ирлээ. Өвөрхангай аймагт 2017 онд томилогдож ирээд гурван жил ажиллаж байна.

Бидний ажил хүн торгож, журамлаад эрхийг нь зөрчиж байгаа юм шиг боловч нөгөө талдаа буяны ажил юм. Согтуугаар жолоо барьж яваа зөрчлийг таслан зогсоосноор тэр хүнийг ямар их хор уршгаас аварч байгааг таашгүй. Олон ч хүний амь нас, эд хөрөнгийг аварсан гэж бодож байна. Бидэнд дургүй хэсэг бүлэг хүмүүс байгаа мэт харагдаж байвч баярлаж талархснаа илэрхийлсэн олон хүн бий. Тэр хүмүүсийн баярласан царай, талархсан сэтгэлийг хүлээж авах сайхан байдаг даа.

Нэг үеэ бодвол нийгэмд дэг журам тогтсон байна, иргэд замын хөдөлгөөний дүрэм, журмыг ойлгодог болсон байна. Энэ бүхэн бол зам дээр зогсож байгаа цагдаагийн албан хаагчдын хичээл зүтгэлийн үр дүн юм.

- Танай албан хаагчид хорт зуршлаас татгалзах, дугуй унах зэргээр хувийн дэглэм их баримталдаг болж. Таны хувьд ч багагүй жин хаясан байна шүү?

- Замын цагдаагийн алба байгууллагынхаа нүүр царай болж байдаг. Зам дээр ажлаа хийгээд зогсож байгаа цагдаагаар тус албаны ажлыг дүгнэж ярьдаг. Тиймээс алба хаагчид руугаа чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна. “Өнгө нэмцгээе” аяны хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас санаачилсан “Хорт зуршил-Эрүүл бие” уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна. Ямарваа баяр ёслолыг архи, согтууруулах ундаагүйгээр тэмдэглэдэг байя гэсэн шийдвэр гаргаж, үр дүнтэй хэрэгжүүлж байна.

Манай тасгийнхны хувьд  илүүдэл жингээсээ салах зорилт тавиад миний бие 20 гаруй кг хассан. Зөв хооллолт, дасгал хөдөлгөөний үр дүнд ингэж жин хаясан. Мөн нэлээн хэдэн албан хаагч тамхинаас гарсан. Архи хэрэглэдэггүй байя гэсэн санаачилгыг гаргаад зарим алба хаагчдынхаа хамт сургалтанд хамрагдан 2020 он гарсаар архи хэрэглээгүй.

Арав гаруй албан хаагч брэндийн унадаг дугуй авч, чөлөөт цагаараа дугуй жийж байна. Байгууллагынхаа фитнесс зааланд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байна гэх мэтчилэн өөрсдийнхөө эрүүл мэндийг анхаарах, нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлэхэд хамт олноороо анхаарч ажиллаж байна даа. 

Ярилцсан Б.Чимэг