ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХҮЙТЭНБУЛАГААС АНХНЫ АВАРГА МАЛЧИН ТӨРЛӨӨ 👏👏

2025-02-23

Бат-Өлзий сумын Хүйтэнбулаг 5 дугаар багаас анхны “Аймгийн аварга малчин” төрлөө. Тус баг 2019 онд туурга тусгаарлан шинээр байгуулагдсанаас хойш аварга малчин төрөөгүй байсан юм.
Халуун хошуут малаа дөрвөн төрөл дээр өсгөж, аваргын болзлыг хангасан Чимэд-Юндэнгийн Баярмагнай, Намжилдоржийн Уранчимэг нарт аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, Бат-Өлзий сумын Засаг дарга Н.Орхонтуул, Төлөөлөгч Д.Цэрэнтогтох нар шагналыг гардуулан өглөө.
Ч.Баярмагнай 1991 онд цэргээс халагдаж ирснээс хойш мал маллаж байна. Сумынхаа “Урд Агуйтын асгат” хэмээх газарт 10 гаруй жил өвөлжиж, жилийн хатууг өнтэй даван өнөөдрийн амжилтад хүрчээ.
Гэргий Н.Уранчимэг багаасаа малын захад өсөн 30 гаруй жил мал маллаж, “Малаа эрт бэлчээн орой дулаан хэвтэрт хотлуулж бай” гэх аав, ээжийнхаа захиасыг биелүүлэн өөрийн үр хүүхдүүддээ ч захиж сургасаар яваа гэж байв.
Эднийх гурван хүүхэдтэй, нэг хүүгээ удам дагаж, голомт залгасан малчин болгохоор зааж сургаж явна.
Сум, орон нутаг хөгжиж, зам тавьж, дэд бүтцээ сайжруулж байгаад иргэний хувьд талархаж байгаагаа хэлэв. Мөн залуу малчдадаа хандан “Малаа хайрлан уйгагүй хөдөлмөрлөж чадвал хүний авч болох бүх шагналд хүрнэ” гэж байлаа.
Шинэ аваргынх 2021-2022 онд сумын аварга малчин, саальчин болж байжээ.