ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн малчин Лувсангийн Нэргүй гэр бүлийн хамт "Улсын аварга малчин"-аар шалгарлаа.

2025-02-25

Сумын сургуулиа төгсөн мал дээр гарч, улмаар 1990 онд гэр бүл болон халуун хошуут мал аав, ээжээсээ өмч болгон авснаас хойш өнөөг хүртэл мал аж ахуйн салбарт тууштай ажиллаж байгаа уг гэр бүлд улсын аваргын шагнал, өргөө цагаан гэрийг нь УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, П.Мөнхтулга болон аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав нар гардуулан өглөө.

Сумынхаа 1 дүгээр багийн “Борхын цагаан овоо” хэмээх газар өвөлжиж буй аваргынх дөрвөн төрөл дээр мал сүргээ өсгөж, хонь, ямааныхаа үүлдэр угсаа, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах, “Сангийн далай хурдан удмын адуу”-ны нутгийн цөм сүрэг бий болгоход ихээхэн анхаарч ажиллаж байна.
Л.Нэргүй нь 2014 оноос хойш арван жил дараалан “Мянгат малчин”, 2010 онд “Сумын сайн малчин”, 2014 онд “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүн ажилтан”, 2016 онд “Аймгийн сайн малчин” болж байжээ.
“Мал сүргээ хэт олон тоотой байлгахыг боддоггүй. Өөрт бэрхшээлтэй, бэлчээрт халгаатай, хажуу айл хөршүүддээ ч хэцүү байдаг болохоор тооноос илүү чанарт анхаардаг” хэмээн аварга хэлж байв.
Мөн “Охидууд мал маллахгүй байгаа учраас залуучууд мал дээр тогтохгүй байна. Түүнээс биш, адуутай газар залуучууд байдаг. Манай багт ч хэдэн сайхан залуус мал маллаж байна. Малчдын залгамж халааг бэлдэхийн тулд эмэгтэй малчдыг сайн дэмжмээр байна” гэх үгийг УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудад дайж байлаа.