1999 онд айл гэр болж, буянт мал сүргээ хамтдаа өсгөн өнөөг хүртэл тасралтгүй 25 жил уйгагүй хөдөлмөрлөсний үр шимийг ийнхүү амсаж, УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагаас шагналаа гардан авлаа.
Аваргууд малын удмын санг хамгаалах, үүлдэр угсааг сайжруулахад нутгийн малчдаа манлайлан оролцож, хонин сүргээ баянгол омгоор, адуугаа гал шар удмаар цус сэлгэн тоонд биш, чанарт анхааран ажиллаж байна.
Тэд удам залгасан аварга малчид. Аав Г.Маам нь 2000 онд “Аймгийн аварга малчин”-аар шалгарч байсан бол түүнээс хойш хүү, хүргэд нийлсэн таван аймгийн аварга төржээ. Тэдгээрээс М.Нарангэрэл салхи хагалж, "Улсын аварга малчин" боллоо.
Шинэхэн аваргууд “Сарын гол”-доо өвөлжин анхны төлөө хүлээж авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.