Монгол Улс, БНСУ хоёр орны Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох төслийн буцалтгүй тусламжаар Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод агаарын чанарыг хянах 1.5 тэрбум төгрөгний өртөг бүхий автомат станц суурилуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн ажилтан, албан хаагчид болон Солонгосын талын төлөөллүүд оролцлоо. Тус станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, нарийн тоосонцорыг хэмжих юм. Өнгөрсөн хугацаанд өдөрт 3 удаа механик байдлаар аймгийн агаарын чанарыг хэмждэг байсан бол энэхүү автомат станцтай болсноор 24 цагийн хэмжилтээр минут тутамд тооцоолох боломжтой болж байна.