Сургалт, уулзалтын агуулгын хүрээнд Багийн Засаг дарга нарт төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай хууль тогтоомжийн талаар ойлголт, мэдлэг олгож, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 5 жилийн үндсэн чиглэлд тусгагдсан ажил арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудын талаар харилцан санал солилцох зорилготой.
Аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав Багийн Засаг дарга нарт хандаж хэлсэн үгэндээ: "Та бүхэн засаг захиргааны анхан шатны нэгжийн удирдлагууд, түмэн олон чинь итгэл хүлээлгэсэн л бол иргэдийнхээ төлөө зүтгэ, баг дээрээ тулгамдаж байгаа асуудлуудаа сумын Засаг даргадаа тавь, шийдүүл, хуулийн заалтаа хэрэгжүүлж ажилла. Хөрөнгө мөнгө төсөв шаардах ажлуудаа хуулийн хугацаанд эрэмбэл, хүргүүл, иргэд өөрсдөө шийдвэр гаргаж зарцуулах эх үүсвэр бол орон нутгийн хөгжлийн сан. Өөрсдөдөө байгаа нөөц бололцоогоо ашиглаж асуудлаа шийдэж сурах хэрэгтэй. Ажлын цагаа баримтал, гадуур дотуур явахаас бусад үед байх ёстой газраа байдаг бай, сайн ажилласныг нь үнэлж дэмжиж ажиллана, муу ажиллаж байгаа дарга нартай хариуцлага ярина" гэлээ