ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Өвөрхангай аймагт ажиллалаа

2016-10-05

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын орон нутгийн томилолтоор 2016.10.04-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ажиллалаа. Улсын Их Хурлын даргын хамт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Занданшатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллав. 

Төлөөлөгчид аймгийн иргэдтэй уулзалт хийж, Улсын Их Хурлын анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганы үеэр батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцуулж, улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтын эхэнд Өвөрхангайчууд зургаадугаар сард болсон Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Ардын Намд итгэл үзүүлэн, гурван нэр дэвшигчдийг гурвууланг дэмжиж төрд төлөөллөө болгон илгээсэнд талархлаа илэрхийлэв. Тэрбээр шинээр байгуулагдсан Улсын Их Хурал богино хугацаанд их ажил амжуулсан болохыг танилцуулан, ээлжит бус чуулганы үеэр гаргасан шийдвэрүүдийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч иргэдэд дарамт ачаалал үүсгэхгүй байх тал дээр төр засгаас анхаарч ажиллаж байгаа талаар Улсын Их Хурлын дарга танилцуулаад, сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсан “Насны хишиг” тэтгэмжийг 70-аас дээш настай ахмадууддаа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор тооцож, 20.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан талаар дуулгав. Түүнчлэн оюутан залуус, цаашлаад гэр бүлд нь дэмжлэг болохуйц шийдвэрийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн зээл олгох зориулалтаар 90 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас 101.5 тэрбум төгрөгийг нэмж төвлөрүүлэхээр улсын төсөвт тусгасан байна. Оюутан залуус суралцах хугацаандаа сургалтынхаа төлбөрийг зээлээр авч барагдуулчихаад, мэргэжил эзэмшин ажил хөдөлмөр эрхэлж, эргүүлэн төлөх бололцоог бүрдүүлэх юм байна. Цаашдаа улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал нэн тэргүүнд иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зарчим баримталж байгаа талаар Өвөрхангайчуудад дуулгалаа. 

Үргэлжлүүлэн Өвөрхангай аймгийн иргэд Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон албаны хүмүүсээс асуулт асууж, санал хүсэлтээ уламжлан чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.