ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж говийн сумдад ажиллалаа

2016-10-18

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж Сант, Баянгол, Богд, Төгрөг, Гучин-Ус  сумдад ажиллалаа. Үүрэгт ажлаа авснаас хойш анх удаа говийн сумдад ажиллаж буй тэрбээр сумдын өвөлжилтийн бэлтгэл ажил болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явцтай танилцаж, албан байгууллагуудын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлыг нүдээр харж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж санал бодлыг сонссон юм.

 Сумдын төв суурин газрын өвөлжилтийн байдал хангагдаж, цаг хугацаандаа халуун дулаанаа авсан. Харин малчдын хувьд эрвийх дэрвийхээрээ л өвөлдөө бэлтгэж байна. Энэ жил Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 5 сая гаруй мал өвөлжих  бөгөөд бог малын дийлэнх хувь нь дээрх сумдад харъяалагддаг. Энэ жил говийн сумдад газар харьцангуй сайн гарсан бөгөөд малчин өрхүүд хадлан тэлээжээ өөр зуураа чамлахааргүй бэлтгэсэн байна. Сумдын аюулгүйн нөөц  ч гэсэн хоосорчихоогүй тодорхой хэмжээний хуримтлалтай  байгаа нь таатай сонсогдож байв.

Харин Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хувьд хөдөө сумдад архидалт болон авто мотоциклийн осол гарах нь их байгаа аж. Залуус согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикль унаж бэртэж гэмтэх цаашлаад амь насаа алдах нь элбэг байдаг байна. Сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг жилдээ цөөн хэдэн ажил, сурталчилгаа зохион байгуулдаг нь дээрх үйлдлийг бууруулахад төдийлөн ач холбогдол өгдөггүй байна. Алслагдсан сумдын залуусын архидалтыг багасгахад аймаг орон нутгийн нарийн бодлого хэрэгтэй болох нь эндээс харагдаж байлаа. Харин малын, орон байрны хулгай болон бусад гэмт хэрэг гарах нь гайгүй гэсэн мэдээллийг сумдын ажлын хэсэг өгч байсан.