ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Шар бүсийн ордон буюу өнөөгийн нийслэлийн эхэд хүндэтгэл үзүүллээ

2016-10-24

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 377 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Ойг угтаж нийслэлийн анхны суурь тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд аймаг, нийслэл, сумын удирдлагууд, иргэд, олон нийт хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу УИХ-ын дарга М.Энхболд, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал болон холбогдох албаны хүмүүс хүндэтгэл үзүүллээ.


Нийслэлийн түүхт ойн өдрүүдийг тохиолдуулан 17 дахь жилдээ болж буй ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам, хуврагууд ном айлдаж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөв.
1639 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг 5 настайд нь Ширээт цагаан нуурын хөвөөнд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулсан нь өнөөгийн нийслэлийн эхлэл байсан гэж үздэг.


УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Соёлт хүмүүний эрхэмлэх ёстой хамгийн чухал зүйл бол дээд үеийнхээ түүх, дурсгалыг мөнхжүүлж, хүндэтгэл үзүүлэх юм. Миний бие хотын даргаар ажиллаж байх үед нийслэлийн 360 жилийн ой тохиож, нийслэлийн анх үүссэн газар энэхүү дурсгалын хөшөөг босгосон. Улаанбаатар хот түүхэндээ 28 удаа нүүж, 16 газарт бууриа засч байсан. Бид нүүсэн, буусан газар бүрт Хангарди бүхий гэрэлт хөшөө босгохыг зорьж байгаа” хэмээв.


 “Ширээ цагаан нуур” нь Монгол улсын төв цэгээс холгүй, Бүрд сумын төвөөс хойш 20 гаруйхан км-ын зайд Их Монгол, Бага Монгол хоёр уулын хооронд, Монгол элсний манхан, битүү бургасан ойн дунд далайн түвшнээс дээш 1488 өндөрт өргөгдсөн байгалийн өвөрмөц тогтоцтой оршдог. Тус газар эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж, зөвхөн, түүх, соёлын үндэстэй биш, байгалийн объектийн гео-физикийн шинж чанартай хэмээн үзэж, эх түүх, байгаль газарзүйн нандин учир холбогдол, судлагдахуун болсоор байна.