ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

1 дэх удаагийн бүрэн эрх /1992-1996 он/

2016-11-21

   Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу манай аймгийн 19 суманд 112 баг байгуулагдаж, иргэд нийтээрээ, чөлөөтэй сонгох эрхээ хэрэгжүүлэн, сум, аймгийн иргэдийн хуралд төлөөлөгчөө сонгосон юм. Орон нутгийн эрх барих бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн болон багийн Иргэдийн Нийтийн Хурлууд байгуулагдан анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, дээд шатны Хурлын Төлөөлөгчөө сонгон, тухайн шатны Засаг дарга нарыг сонгон томилуулав. 

             Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан 1992 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, 58 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, 12 сарын 10-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын Хоёрдугаар хуралдаанаар Уянга сумын 3 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, ингэснээр аймгийн ИТХ нийт 61 төлөөлөгчтэйгээр байгуулагдсан билээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 61 хүн сонгогдсоноос ажилчин 1 буюу 1.6%, малчин 8 буюу 13.1%, албан хаагч, сэхээтэн 52 буюу 85.3%-ийг эзэлж байсан нь орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад нийгмийн давхрагыг бүрэн төлөөлж чадсан гэж тухайн үед үзэж байжээ. Аймгийн ИТХ-ын 61 төлөөлөгчдийн дотор нам бусчууд, малчин, төрийн албан хаагч, нэгдэл, компанийн захирлуудаас гадна МАХН, МСДН, МоАН зэрэг улс төрийн хүчний төлөөлөл иргэдийнхээ дундаас ардчилсан зарчмаар сонгогдож байсан нь гол онцлог болно. Мөн 61 төлөөлөгчийн 4 нь эмэгтэй төлөөлөгч байв.Нийт дээд боловсролтой 41 буюу 67.2%, тусгай дунд боловсролтой 7 буюу 11.5, бүрэн ба бүрэн бус дунд боловсролтой 8 буюу 13.1%, бага боловсролтой 5 буюу 8.2% байв. Насны хувьд 18-30 насны 5, 31-45 насны 33, 46-аас дээш насны 23 төлөөлөгч байв. Төлөөлөгчдийн хамгийн залуу нь 26 настай Бүрд сумын төлөөлөгч Пүрэвийн Очирсүрэн, хамгийн ахмад нь 61 настай Арвайхээр сумн төлөөлөгч Осорын Адъяа байв. 

            Анхдугаар хуралдааны даргаар Бүрд сумын Ардын хурлын Тэргүүлэгчдийн дарга, төлөөлөгч С. Уртнасан, нарийн бичгийн даргаар Хайрхандулаан сумын 10 жилийн сургуулийн багш, төлөөлөгч Т. Батдэлгэр нар сонгогдон хуралдааныг удирдаж байв. Тус хуралдаанаас аймгийн Засаг даргаар Сосорбурамын Жанцандоржийг нэр дэвшүүлсэн байна.

            Аймаг, сумын түвшинд Хурлын байгууллагыг материаллаг нөхцөл, ажлын байр, боловсон хүчнээр бэхжүүлэх, шинэ зарчмаар ажиллах Хурлын байгууллагын ажилтан, төлөөлөгчдөд Нутгийн өөрөө удирах ёсны мөн чанар, ойлголтыг бий болгох таниулахад анхаарч ажилласан жилүүд байлаа.

            Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр орон нутагт шинээр болон сэргээн засварлаж байгуулагдсан сүм хийдүүдэд хуулийн дагуу зөвшөөрөл олгосон. Гадаад харилцааг хөгжүүлэх, дэлхийн хөгжилтэй орнуудын Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын туршлагаас суралцан, Шведийн мужтай харилцаа тогтоон, төслийн сургалтад хамтарч оролцох боломж бүрдсэн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%