ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС

2016-11-23

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын 1991 оны 1-р сарын 17-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Салбар комиссыг байгуулахаар шийдвэрлэсэн болно.
Аймгийн салбар комисс 1996 оноос эхлэн тус аймгаас 1930-аад оны үед хэлмэгдэж Тусгай комисс болон Улсын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн хурлаар цагаатгагдсан 1000 гаруй хүмүүсийн нэрсийг аймгийн төв хэвлэл болох "Хөдөлмөрийн төлөө" сонинд нэр, овог, үндсэн харьяалал, шийтгэгдсэн он, сар өдөр, дугаар, цагаатгасан байгууллагын нэр, он, сар, өдөр, магадлалын дугаараар нь зарлаж, аймгийн хэмжээнд иргэд олон нийтэд хүргүүлсэн болно.
Мөн 1998 онд Улсын комиссын дэргэдэх Хэлмэгдэгсдийн судалгааны төвөөс эрхлэн гаргасан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын "Цагаан ном"-оос түүвэрлэн, тус аймгийн харьяат нэр бүхий 1500 хэлмэгдэгчийн "Цагаан ном"-ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас тусгайлан бэлтгэж, 20.0 гаруй хувиар хэвлэн, Улсын комисс болон аймгийнхаа бүх сумд, зарим хөрш аймагт хүргүүлсэн болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд агсан Пэлжидийн Гэндэнгийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Арвайхээр сумын төв замыг түүний Нэрэмжит гудамж болгосон ба Тарагт сумын 10 жилийн дунд сургуулийг түүний нэрэмжит болгож, мөн суманд П.Гэндэнгийн дурсгалын хөшөөг бүтээн залсан болно. Үүнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын Комисс, аймгийн салбар комисс, хэлмэгдэгчийн төрсөн охин болон хүүхдүүд хамтран санаачилж бүтээсэн. Мөн тус суман дахь түүний төрсөн бууцанд П.Гэндэнгийн дурсгалын самбар босгосон болно. Аймгийн Арвайхээр хотын төв талбайд хэлмэгдэгч, Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд агсан Төгс-Очирын Намнансүрэн, БНМАУын АСНЗ-ийн Ерөнхий сайд агсан Пэлжидийн Гэндэн нарын "Соёмбот багана" босгосон.


Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн, БНМАУ-ын Бага Хурлын анхны дарга, Ерөнхий сайд агсан П.Еэндэн нарын дүрс бүхий хүндэтгэлийн багана.
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум.
Аймгийн музейд хэлмэгдэгсдийн дурсгалын булан танхим байгуулан үзмэр дэглэлийг сайжруулах, фонд бүрдүүлэн ажиллаж байна.
Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн болон түүний эхнэр, хүүхдүүдийн бүртгэл судалгааг сум бүрээр гаргуулан авч, Улсын комисст хүргүүлсэн ба хэлмэгдэгч, МХЗЭ-ийн Төв хороооны нарийн бичгийн дарга агсан Ж.Сэнгэдоржийн төрсөн охин С.Банзаржав, хэлмэгдэгч Л.Бямбадорж, Л.Бор, Ерөнхий сайд агсан Намнансүрэнгийн зээ Дагданнасангийн Сэмжид, Ерөнхий сайд агсан П.Гэндэнгийн ач хүү Содномын Бэхбат, түүхч эрдэмтэн Сэмчигийн Ичинноров нараас дурсамж яриа авч, дүрс болон дууны бичлэг хийн фонд үүсгэж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн талаар орон нутгийн радиогоор хэлмэгдэгч Л .Бямбадоржийн талаар "Ангиараа хэлмэгдсэн 18-ын нэг" хэмээх хөрөг найруулал, Улс төрийн хилс хэрэг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулсан Хэлмэгдэгсдийн Судалгааны төвийн материал дээр түшиглэсэн хичээл үүд зэргийг тусгайлан нэвтрүүлж, иргэдэд хэлмэгдлийн хор уршиг. түүнийг арилгах талаар авч буй арга хэмжээний талаар сурталчилсан байна.
Тус аймгаас 1930-аад онд хэлмэгдэж цагаатгагдсан 1500 хүнээс одоогийн байдлаар 517 хүнд 511 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод тайлан мэдээг тухай бүр гарган хүргүүлж байгаагийн зэрэгцээ 2009 онд нөхөх олговрын мөнгө хүлээн авсан нэхэмжлэгчдийн тайланг гарын үсгээр баталгаажуулан нийт 500 гаруй хуудас материалыг Улсын комисст хуулбарлан хүргүүлсэн болно.
Манай комиссын алба тус аймагт ажиллаж байгаад 1930-аад оны хэлмэгдлээр устаж үгүй болсон болон хожим түүний суурин дээр үүсгэн сэргээгдсэн сүм хийдүүдийн талаар судалгаа хийж, байршлын зургийг гарган, хийдүүдийн туурийг фото зургаар баталгаажуулж аваад байна.
  Манай салбар комисс жил бүрийн 9-р сарын 10-ны өдрийг тусгай хөтөлбөр төлөвлөгөөний дагуу аймаг дахь сүм хийдүүд болон төр, төрийн бус байгууллагуудтай хамтран өргөн тэмдэглэж хэвшсэн. Энэ үеэр хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж цуглаан зохион байгуулах, хэлмэгдлийн талаар бичил баримтат кино үзүүлж, буяны ном хуруулах, хэлмэгдэгсэд болон түүний үр хүүхдүүдэд зоог барих, гарын бэлэг өгөх, дурсамж яриа өрнүүлж, орон нутгийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах, цагаатгалын нөхөх олговор гардуулах, УЗН зэрэг зарим төрийн бус байгууллага болон тус аймагт байрлах Зэвсэгт хүчний дугаар ангийн үлээвэр найрал хөгжмийг урьж оролцуулан, хүндэтгэлийн арга хэмжээг зохион явуулдаг юм. Энэ үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, салбар комиссын гишүүд, Ганданпунцоглин хийдийн лам, хуврагууд маш сайн оролцож, хамтран ажиллаж байна.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 1997 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 31, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар тогтоолуудаар комиссын дарга, нарийн дарга, гишүүд гэсэн 10-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэгдэн байгуулагдаж, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль, түүнд нийцүүлж гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудын тогтоол, журам, зөвлөмж зэргийг удирдлага болгон ажиллаж ирснээр манай аймгийн хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрыг хууль тогтоомжийн дагуу 1998-2016 онд  давхардсан тоогоор 1200 гаруй иргэдээс өргөдөл, хүсэлтийг хүлээн авсан.

 Мөн тус аймагт одоо амьд сэрүүн байгаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч 1960-аад оны “Намын эсрэг бүлэг” хэмээх хэрэгт хэлмэгдэн албан тушаал бууран ажиллаж байсан Арвайхээр сумын иргэн  Ламжавын Бямбадорж гуайд аймгийн Салбар комисс орон нутгийн төсвөөс 1.0 сая төгрөг гаргуулан нэг өрөө байр олгосон. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд агсан Пэлжидийн Гэндэнгийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Арвайхээр сумын төвд БНМАУ-ын баатар Л.Аюушийн талбайд хүрэл хөшөө, Тарагт сумын төвд дурсгалын хөшөөг бүтээн залж, тус сумын 10 жилийн сургуулийг түүний нэрэмжит болгосон. Үүнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, аймгийн Салбар комисс, хэлмэгдэгчийн төрсөн охин болон үр хүүхдүүд хамтран санаачилж бүтээсэн бөгөөд Тарагт суман дахь төрсөн бууцанд П.Гэндэнгийн дурсгалын самбарыг босгосон болно.
 Аймгийн Музейд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын булан танхим байгуулан үзмэр дэглэлийг сайжруулах, цаашид нэгдсэн фонд бүрдүүлэхээр ажиллаж байна. 
Өвөрхангай аймгийн Өлзийт суманд БНМАУ-ын Сангийн сайд агсан Санжийн Довчингийн нэрэмжит цэцэрлэг, дурсгалын хөшөө, Бат-Өлзий суманд иргэн Х.Ганхуягийн санаачлага, хөрөнгөөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулсан самбар, Арвайхээр сумын “Ягаан толгой”  хэмээх довцогт УИХ-ын гишүүн З.Энхболдын санаачлагаар хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан суварга, Ганданпунцоглин хийдийн хашаанд иргэн Г.Пүрэвдоржийн санаачлага, хөрөнгөөр хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж суварга, хүрд бүтээн байгуулсан байна.
Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Салбар комиссоос одоо амьд сэрүүн байгаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд болон үүний эхнэр, хүүхдүүдийн бүртгэл судалгааг шинэчлэн гаргаж, Улсын комисст хүргүүлсэн ба МХЗЭ-ийн Төв Хорооны нарийн бичгийн дарга агсан Ж.Сэнгэдоржийн төрсөн охин С.Банзаржав, “Намын эсрэг бүлэг” гэгчид хэлмэгдэгч Л.Бямбадорж, Богд Хаант Монгол Улсын Ерөнхий сайд агсан Т.Намнансүрэнгийн зээ Дагданнасангийн Сэмжид, БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд П.Гэндэнгийн ач хүү С.Бэхбат, Өвөрхангай аймгийн “Хүндэт иргэн” түүхч эрдэмтэн судлаач Сэмчигийн Ичинноров нараас дурсамж яриа авч бичлэг бэлтгэн орон нутгийн радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд хэлмэгдлийн хор  уршиг түүнийг арилгах талаар сурталчлан ажиллаж байна. 
Аймгийн Салбар комисс нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль, түүнд нийцүүлж гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудын тогтоол, журам, зөвлөмж зэргийг удирдлага болгон ажиллаж ирснээр манай аймгийн хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрыг хууль тогтоомжийн дагуу олгож байна. Улс төрийн нөхөх олговор авсан тайлан мэдээг тухай бүрт нь Улсын комисст хүргүүлж байгаагийн зэрэгцээ 2016 онд нөхөх олговрын мөнгө хүлээн авсан нэхэмжлэгчдийн тайланг 01 тоот албан даалгаврын дагуу шинэчлэн гаргаж, Улсын комисст хүргүүлсэн байна.
Манай Салбар комиссоос тус аймагт ажиллаж байгаад 1930-аад оны хэлмэгдлээр устаж үгүй болсон болон хожим түүний суурин дээр үүсгэн сэргээгдсэн сүм хийдүүдийн талаар судалгаа хийж, байршлын зургийг гарган, хийдүүдийн туурийг фото зургаар баталгаажуулж материал бэлтгэсний  үндсэн дээр МУСГЗүтгэлтэн Н.Даваадаштай хамтран  эмхэтгэж, “Өврийн хангайн хүрээ хийдийн хураангуй” хэмээх ном гарган хэвлүүлсэн. Уг номонд Ар Халхын Автай сайн хаан Монголд бурхны шашныг дэлгэрүүлэхийг эрмэлзэж, Төвдийн Далай ламтай харилцаж, улмаар 1577 онд Гомбогүр, Очирваань зэрэг бурхныг залж ирсэн цагаас XXI зууны энэ он жилүүдийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн газар нутаг дээр шашны үйл хэргийг явуулж, бурхны номыг судлан дэлгэрүүлж, хөгжүүлэн баяжуулж ирсэн том жижиг хүрээ хийд, хурал номын газрын үүх түүх хийгээд шашны нэр алдартай зүтгэлтнүүдийн намтар, үйл хэргийн тойм, мөн 1930-1940 оны үеийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн лам хуврагуудын хэрхэн шийтгэгдсэн болон улмаар цагаатгагдсан 1800 гаруй иргэний тухай түүх архивын материалаас шүүн оруулсан болно. 
Хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээн сурталчлах, тэдний хохирлыг барагдуулах, дурсгалыг мөнхжүүлэх асуудалд Монголын төрөөс сүүлийн жилүүдэд онцгой анхаарч ирлээ. Нийтийг хамарсан их баривчилгаа эхэлсэн 1937 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг 1996 онд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон хуульчилснаар жил бүрийн 9-р сарын 10-нд хэлмэгдэгсдийг бүх нийтээрээ дурсч, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод байна.
Ж.Лхүмбийн зээ охин Монголын улс төрийн хэлмэгдэлд өртсөн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О. Цэрэннадмидын тавьсан саналын дагуу аймгийн Салбар комисс хүлээн авч аймаг, орон нутгаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 1800 гаруй хэлмэгдэгчдэд зориулж Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комиссын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр Арвайхээр суманд бүтээн босгосон “ Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулав” дурсгалын хөшөөг  ногоон байгууламж бүхий талбайн хамт 2014 онд нээж, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүллээ. 
          Аймгийн Салбар комиссоос Хайрхандулаан сумын үндсэн харъяат, 1930-аад онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хожмоо цагаатгагдсан, тухайн үеийн нийгэм, улс төрийн зүтгэлтнүүдийн нэг, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Жанцангийн Лхүмбэ агсны 110 жилийн ойд зориулсан “Ж.Лхүмбэ–110” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлыг ЦАУЗБУКомиссын санаачлага оролцоотойгоор 2012 оны 08 дугаар сард хамтран зохион байгуулсан.  Уг  эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын нарийн бичгийн дарга,доктор, дэд профессор О.Лхагварэнцэн “Улс төрийн цагаатгалын явц, хойшид хийгдэх ажил ”, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Д.Хоролдамба “Ж.Лхүмбэ 1930-аад  монголын нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтэн болох нь“, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн ажилтан Да. Эрдэнэбат “ Улс төрийн их хэлмэгдүүлэлт ба Ж.Лхүмбийн хэрэг“, Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, профессор, дэд хурандаа С.Ганболд “ 1932 оны зэвсэгт бослого ба Ж.Лхүмбэ “, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор С.Цэрэн “ Лхүмбийн хэрэг гэгчид холбогдуулан голчлон буриадуудыг хэлмэгдүүлсний учир шалтгаан “, МУИС-ийн НШУС-ийн Түүхийн танхимын багш,  доктор Д.Дашдулам “ Лхүмбийн хэрэгт холбогдсон зүүнтнүүд “, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төвийн ажилтан А.Эрдэнэсайхан “ Лхүмбийн хэргийн Хэнтий, Төв, Дорнодын бүлэг гэгчийн тухай “, Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний хүрээлэнгийн ажилтан, докторант Г.Ариунболд “ Өлзийтийн Бадрахын захидал дахь Лхүмбийн хэрэгт холбогдох зарим асуудлууд “, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төвийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, докторант Х.Мөнхбаяр “ Группийн хэрэг ба Лхүмбийн байцаалт, эрүү шүүлтийн тухай нягтлах нь “, ТЕГазрын Тусгай Архивын судлаач Б.Эрдэнэбилэг “ Лхүмбийн хэрэгт шийтгэгдсэн Улсын Аюулаас Хамгаалах Байгууллагын ажилтнууд “ зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, 80 гаруй хүн оролцсон юм. Эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан илтгэл материалуудыг нэгтгэн Улсын комисстой хамтран ном болгон хэвлүүлсэн болно.
 Өнгөрсөн хугацаанд манай Салбар комисс Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын хуралдаанд нэг удаа илтгэл тайлан хэлэлцүүлж, 3 удаа улсын комисст дотоод ажил, үйл ажиллагаагаа шалгуулсан байна.
Дээрх он жилүүдэд:
  Аймгийн ЦАУЗБСалбар комиссын даргаар:
1. С.Чинзориг  1996 – 2000 он
2. Д.Тогтохсүрэн  2000 – 2008 он
3.И.Доржсүрэн  2008 – 2012 он
4. Г.Ганболд  2012 – 2016 он 
5. А.Ишдорж  2016 оны 07 дугаар сараас
      Аймгийн ЦАУЗБСалбар комиссын нарийн бичгийн даргаар:
1. Ц.Баатар  1992 – 2011 он
2. Т.Гончигдорж  2011 оны 11 дүгээр сараас 
Аймгийн ЦАУЗБСалбар комиссын ажилтнаар:
1. А.Мөнхбаяр  1992 – 2013 он
2. Б.Балжинням  2013 оны 09 дүгээр сараас эхлэн  тус тус ажиллаж байна.
Нутгийн удирдлагын ордон №205
Утас: 7032-3491

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%