ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ

2016-12-26

     Өврийн  сайхан хангай нутгийн хөдөлмөр бүтээлч зон олондоо айсуй 2017 он шинэ жилийн мэндийг дэвшүүлж аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.  Хувь хүн, айл өрх бүр хийж бүтээснээ дүгнэн хэлэлцэж, угтах ирээдүйг зөгнөн билгэддэг шинэ жилийн баяр бол өнгөрснөө эргэцүүлж, ирээдүйгээ төсөөлөх боломжийн аль алиныг олгодог билээ.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын хамт олон бид  Та бүхэнтэйгээ амжилт, ололт, дурсамж сургамж дүүрэн нэгэн оноо үдэж, шинэ оноо угтах торгон мөч ойртсоор байна.
Өнгөрч буй 2016 он ирээдүйн их хөгжлийн эх суурийг тавьсан чухал үйл явдлаар баялаг байлаа.
Улс орны эдийн засгийн цар хүрээ хүнд байгаач 2016 онд Өвөрхангай аймагт бүтээн байгуулалтын ажлууд олноор хийгдэж  орон нутаг маань цэцэглэн хөгжиж, ард түмний маань хөдөлмөр зүтгэл өрнүүн байна.
“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэгчээр хичээж зүтгэсэн олон хүн 2016 онд амжилтын эзэд болж, тэдний дотроос  Боловсролын салбарынхан 2016 онд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээрээ улсдаа тэргүүлэн өнгөлж байна. Түүнчлэн 2016 онд Өвөрхангай аймгийн мал сүрэг таван төрөл дээрээ өсч 4 сая 510 мянга 986 толгой мал тоолуулж улсдаа тэргүүллээ. Мөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аймаг маань Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа. Энэ шагнал нь Өвөрхангай нутгийн бүх ард түмний ололт амжилтын үр дүн гэдгийг онцолмоор байна. 
2016 он та бидэнд  урам зориг амжилт, ухаарал бодрол, эргэцүүлэл аль алиныг нь үлдээж улиран одож байна. Ирж буй 2017 он Өвөрхангайчууд бид бүгдийн хувьд зорилго, зорилтоо биелүүлсэн, амжилт бүтээлээ ахиулсан он жил байх болно гэдэгт миний бие итгэл төгс байна. 2016 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байсан бол 2017 оны Аймгийн ИТХ-аас “Ахмадаа дээдлэх жил” болгон зарлаж байгаа билээ. Миний бие аймгийн ИТХ-ын даргын хувьд   нар тосон налайсан хангай нутгийнхаа бүтээлч хөдөлмөрч зон олон та бүхэнтэйгээ хамтран ажиллахад түмэн олны дэмжлэг, санал санаачилга, хамтын зүтгэлийн үр дүнд олон зүйлийг хийж бүтээхийг эрмэлзэн зорьж байна.
Надад итгэл үзүүлж аймгийн ИТХ-ын дарга хэмээх эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг хүлээлгэж,  дэмжиж,  туслан хамтран ажилладаг хүн бүрт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Ирэх онд өнгөрч буй оныхоо ажлаа үргэлжлүүлэн амьдралдаа, ажилдаа олон олон  амжилт, өсөлтийг өрнүүлэхийг та бүхэндээ уриалж байна
Та бүхэн минь шинэ ондоо амжилт ололт, аз хиймориор дүүрэн байх болтугай.
                                                                      Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж